Хураангуй:
Энэхүү судалгааны ажлыг энтрепренер боловсролын салбарт тодорхой хувь нэмэр
оруулах үндсэн зорилготойгоор бичсэн бөгөөд ингэхдээ энтрепренер тэсвэр хэмээх
ойлголтыг онцолж, энтрепренер тэсвэрт бусдын дэмжлэгийг авч буй байдал нөлөөлдөг
эсэх, нөгөө талаас энтрепренер тэсвэр нь үр нөлөөт шийдвэр гаргалтад нөлөөлдөг
эсэхийг судлах зорилготой хийсэн болно.
Энтрепренер үйл ажиллагаа эрхэлж байгаа хүмүүсийн хувьд гэнэтийн өөрчлөлт,
саад бэрхшээл учрах нь зайлшгүй зүйл бөгөөд тэдгээрийг даван гарахад уян хатан,
тэсвэртэй байдал чухал юм. Энэхүү саад бэрхшээлийг амжилттайгаар даван туулж, өмнө
нь байснаасаа илүү туршлагажиж, хөгжихийг тэсвэртэй байдал гэх ба хүнд хэцүү
нөхцөлтэй тулсан ч энтрепренер үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсаар байхыг
энтрепренер тэсвэр гэнэ. Уг тэсвэртэй байдал гэх ойлголтыг судлаачид чадамж, процесс,
үр дүн хэмээн гурван ялгаатай байдлаар тодорхойлдог. Орчин үед тэсвэртэй байдлыг
чадамж хэмээн үздэг судлаачдын хувьд тэсвэртэй байдал нь төрхөөс заяамал зүйл биш,
харин хөгжүүлж болдог гэж үзэх нь илүү түгээмэл болсон байна.
Ийнхүү тэсвэртэй байдлыг хөгжүүлж болдог гэж үзвэл түүнд эергээр нөлөөлдөг
хүчин зүйлүүд байх нь зайлшгүй бөгөөд эдгээр хүчин зүйлсийн нэг нь бусдын
дэмжлэгийг авч буй байдал юм. Тодруулбал, бусдын дэмжлэгийг авч буй байдал гэдэг
нь бусдаас ирдэг дэмжлэгийг тухайн хувь хүн хэрхэн тусган авч байгаа субьектив
ойлголтыг илэрхийлсэн нэр томьёо болно.
Уг судалгаанд СЭЗИС-н энтрепренершип хөтөлбөрийн 35, санхүүгийн манлайллын
ангийн 10 оюутан, нийт 45 оюутныг хамруулсан бөгөөд нийт 43 асуулт бүхий хаалттай
асуулгын аргыг ашигласан. Ийнхүү шинжилгээ хийхдээ энтрепренер тэсвэрийг Connor
& Davidson-ийн тэсвэртэй байдлын шалгуур, бусдын дэмжлэгийг хүлээн авч буй байдлыг
MSPSS, үр нөлөөт шийдвэрийг Chandler нарын загварыг ашиглан шинжилсэн. Улмаар
дараах хоёр үр дүн гарсан:
• Бусдын дэмжлэгийг авч буй байдал нь энтрепренер тэсвэрт нөлөөлнө гэдэг нь
няцаагдсан
• Энтрепренер тэсвэр нь үр нөлөөт шийдвэрт нөлөөлнө гэдэг нь батлагдсан
Иймд энтрепренер тэсвэрт бусдын дэмжлэгийг авч буй байдал нөлөөлөөгүй
шалтгаан нь манай улсын оюутнуудын онцлогоос хамаарч байгаа эсэх, түүнийг нээн
илрүүлэх, өөр арга зүй, судалгааны загварыг ашиглаж үзэх замаар гүнзгийрүүлэн
судалгаа хийхийг дараагийн судлаач нарт зөвлөж байна.
Мөн энтрепренер тэсвэр нь оюутны үр нөлөөт шийдвэр гаргалтад эергээр
нөлөөлдөг нь батлагдсан тул энтрепренер боловсролыг олгогчид энтрепренер тэсвэрийг
нэмэгдүүлэх арга, аргачлалыг хичээлийн хөтөлбөр, агуулгадаа багтаах нь зүйтэй гэж
үзсэн болно.