Хураангуй:
Энэхүү дипломын ажлаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад чиглэдэг макро эдийн засгийн бодлогын нэг болох сангийн бодлогын урт хугацааны нөлөөг неоклассик онолын хэрэглэгчийн оновчлолтой өсөлтийн загвар буюу төрийн оролцоотой Рэмзей - Кэас - Күпмэнсийн загвараар шинжлэн авч үзэв. Загварын үнэлгээнд “time-elimination method” /хугацааг арилгах арга/-ыг ашиглан үндсэн тэгшитгэлээс хугацааны хамаарлыг арилгах замаар тооцооллыг гүйцэтгэсэн. Сангийн бодлогын арга хэрэгслүүд болох ЗГ- ын зардал, хөрөнгийн орлогын болон ААН-ийн ашгийн татваруудын тодорхой хэмжээний өөрчлөлтүүд нь өрхийн хэрэглээ, хөрөнгө оруулалт, капитал хуримтлал, үйлдвэрлэлийн түвшинд хугацааны туршид хэрхэн нөлөөлж байгааг тогтоосон.
Шинжилгээний үр дүнд хөрөнгийн орлогын болон пүүсийн ашгийн татварын бууралт нь нэг хүнд ногдох хэрэглээг богино хугацаанд бууруулж байгаа бол хөрөнгө оруулалт, капитал, гарцын түвшинг хугацааны туршид өсгөж, урт хугацааны тогтвортой төлөвийн утгыг нэмэгдүүлж байна. Харин нэг хүнд ногдох ЗГ-ын зардал өсөхөд нэг хүнд ногдох өрхийн хэрэглээ буурч, хөрөнгө оруулалт өссөн бол капитал болон гарцын түвшинг хугацааны эхэн үед бууруулах хэдий ч урт хугацаанд энэхүү нөлөө хадгалагдахгүй аж.