Хураангуй:
Нийгмийн өөрчлөлт: Нийгэм-соёлын аноми байдал
Нийгэм, эдийн засгийн тогтолцооны өөрчлөлтийн явцад өмнөх нийгмийн үед тогтсон нийгмийн хэм хэмжээ, үнэ цэнэт зүйлийн тогтолцоонд өөрчлөлт гарч энэ нь нийгэмд тодорхой асуудлуудыг үүсгэдэг байна. Эрдэмтдийн үзэж байгаагаар нийгэм-соёлын орчинд аноми байдал буюу эрх зүй, ёс зүйн аливаа хэм хэмжээ үгүйн улмаас бий болсон зохицуулалтгүй хоосон орон зай бий болдог ажээ. Улс төр, эдийн засгийн тогтолцоо өөрчлөгдсөн монгол болон бусад орнуудад өмнөх тогтолцооны үед тогтсон үнэ цэнэт зүйлд өөрчлөлт орж байна. Тухайн нийгмийн нийтээрээ хүлээн зөвшөөрсөн үнэ цэнэт зүйлс, норм хэм хэмжээний тогтолцоо болох соёл нь хүний оюун санааг “програмчилж” үйлдлийг нь тодорхойлдог. Соёл нь нийгмийн албан бус институц болохынхоо хувьд эдийн засагт ч нөлөөлнө. Нийгмийн өөрчлөлтийн явцад материаллаг соёл нь материаллаг бус соёлын өөрчлөлтөөс түрүүлж, үүний дүнд нийгмийн шийдвэрлэгдээгүй олон асуудал урган гардаг байна. Ийм үед нийгмийн гишүүдийн биеэ авч явах байдал, үйл хөдлөлийг өөрчлөх, сайжруулах нийгмийн маркетингийн үүрэг улам өндөрсөнө. Улам өндөрсөнө гэсний учир нь нийгэмд чиглэсэн маркетингийн тухай ойлголт цоо шинэ зүйл биш бөгөөд аливаа нийгэм гишүүдийнхээ үйл хөдлөлийг өөрчлөх, сайжруулах оролдлогыг хийсээр ирсэн. Эртний Грек, Ромд чөлөөт боолуудад хандсан нийгмийн чиглэлийн маркетинг хэрэгжиж байжээ. Мөн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооны үед “үзэл суртал”-аа ойлгуулах, хэм хэмжээ тогтоох, дагаж мөрдүүлэх тал дээр нилээд хүчтэй ажиллаж байв. Орчин үед нийгмийн шинжлэх ухаанд соёлтой холбоотой хэд хэдэн ойлголтыг авч үзэж байна. Дээр дурьдсан “аноми байдал” гэсэн нэр томъёог анх Францын социологич Émile Durkheim гаргажээ. Түүний “аноми” байдлын талаарх үзлийг судлаачид өөр өөрийн байр сууринаас тайлбарладаг бөгөөд тухайлбал Английн социологич Giddens “эдүгээгийн нийгэмд өөрчлөлт туйлын хурдацтай, эрчтэй явагдаж байгаагаас аноми байдал буюу нийгмийн хүндрэл бэрхшээлийг төрүүлдэг. Аноми гэдэг нь нийгмийн тодорхой нөхцөл байдлаас үүдэлтэйгээр өөрийн оршихуйг зорилгогүй, үр өгөөжгүй гэж мэдрэх явдал” (Giddens, 2006) гэж тодорхойлжээ. Судлаач О.Мөнхбат (2008) “Аноми байдал гэдэг нь эрх зүй, ёс зүйн аливаа хэм хэмжээ үгүйн улмаас бий болсон зохицуулалтгүй хоосон орон зай мөн” гэж тодорхойлжээ. Түүний үзсэнээр эдийн засгийн хүрээ бүхэлдээ эрхзүй, ёс зүйн аноми байдалд байгаа ажээ. Нийгэм-соёлын “аноми ” гэж хэлж болохуйц үйл явцын жишээ бол 1990-ээд онд социалист байсан орнуудад явагдсан шилжилт юм. Шилжилт нь өмнөх нийгмийн үед үйлчилж байсан нийгмийн хэм хэмжээ, ёс суртахуунаас татгалзаж, цоо шинэ хэм хэмжээ, үнэт зүйлийн тогтолцоо бүрэлдэн тогтоход хүргэсэн (Баттулга et al., 2009).