Хураангуй:
Манай улсад боловсролын чанарт нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээ ховор хийгдсэн бөгөөд энэ нь боловсролын салбарын мэдээллийн хаалттай байдлаас улбаатай. 2022 онд ЭЗХАХБ-аас зохион байгуулдаг 15 настай сурагчдын сурлагын амжилтын үнэлгээний хөтөлбөр болох ПИСА-д Монгол улс амжилттай хамрагдсан ба энэ нь судлаачдад дотоодын боловсролын чанарт нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээг хийх боломжийг олгов.
Энэхүү судалгааны ажлаар ПИСА-д хамрагдсан нийт 195 сургуулийн 178 сургуулийн өгөгдөлд тулгуурлан DEA аргачлалаар сургуулийн техникийн үр ашгийг тооцож, тус үр ашигт нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлов. Судалгааны ажлын онолын үндэслэл нь боловсролын үйлдвэрлэлийн функц дээр тулгуурласан бөгөөд сургуулийг үйлдвэрлэл явуулдаг пүүстэй адилтгаж тодорхой орцуудыг ашиглан гарцыг бий болгодог гэж үзсэн.
Нийт 178 сургуулийн 22 нь техникийн үр ашигтай бол 6 сургууль нь өгөгдсөн орцоо ашиглан 60-аас доош хувийн үр ашигтайгаар ажиллаж байна. Үр ашигт нөлөөлөгч хүчин зүйлсийг дурдвал, өмчийн хэлбэр буюу хувийн сургууль нь улсын сургуулиасаа илүү үр ашигтай, нэг багшид ноогдох сурагч, нэг сурагчид ноогдох компьютерын тоо бага байх тусам үр ашигт эергээр нөлөөлдөг байна. Тухайн сургууль сурагчдад ээлтэй орчныг бий болгосноор үр ашиг нь мөн нэмэгдэж байв. Сурагчдын гэрийн даалгавар хийх давтамж өндөр байх нь тухайн гэрийн даалгаврын үр дүнгүй болгож болзошгүй. Мөн эцэг эхийн боловсрол, албан тушаал, амьдардаг орчин нь сайн байх тусам сургуулийн үр ашигтай байдалд эергээр нөлөөлдөг байна.