Хураангуй:
Энэхүү судалгааны хүрээнд oрон сууцны зах зээлийн өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийн, Улаанбаатар хотод шинээр ашиглалтад орж буй орон сууцны зориулалттай барилгын үнэ тогтoолтод нөлөөлж буй хүчин зүйлүүдийг экономик аргачлал ашиглан тодорхойлох зорилго тавьсан ба тэдний хоорондын хамаарлыг гаргаж ирснээр худалдан борлуулж буй үнэ үндэслэлтэй байгаа эсэх дүгнэлт хийж болох юм.
Тус судалгааны хүрээнд шинэ орон сууцуудын мэдээллийг цуглуулан орон сууцны үнэлгээ тооцоход голчлон ашигладаг, Монгол улсад ашиглахад тохиромжтой арга болох хедоник регрессийн арга, Бүлэглэх аргуудыг ашиглан тооцсон ба хедоник регрессийн арга ашигласан шинжилгээний үр дүнд дүүргүүдийн нөлөө байхаас гадна, хотын төвд ойрхон эсэх, ногоон байгууламжтай эсэх, маркетингийн ажил хийсэн эсэх, өрөөний тоо их байх зэрэг хүчин зүйлс нөлөөлдөг болохыг олж судаллаа. Бүлэглэх аргаар хийсэн шинжилгээний үр дүнгийн хувьд орон сууцны айлын тоо болох хүчин чадал, өрөөний жигнэсэн дундаж талбайн хэмжээ ихсэх тусам медиан үнэ нэмэгддэг байна. Харин автобусны буудлын зай ойр байх тусам орон сууцны үнэ их байсан. Уг гаргаж авсан үнийг хедоник регрессийн аргаар гаргаж авсан орон сууцны үнэтэй харьцуулан үзэхэд дундаж зөрүү 2.1% гарч байгаа нь уг үр дүнд итгэж болох байдлыг нэмэгдүүлж байгаагаас гадна уг 2 аргын хувьд гажилт багатай үр дүн гардаг болохыг баталж байна.