dc.description.abstract |
Даяаршлын эрин үед салбар хоорондын өрсөлдөөн хурдацтай явагдаж байгаа нь тухайн байгууллага өрсөлдөөнт зах зээлд оршин тогтнохын тулд чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлж үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулах шаардлага тулгарч байна. Сүүлийн жилүүдэд бизнесийн байгууллагууд гүйцэтгэлээ сайжруулах зорилгоор чанарын менежментийн тогтолцооны ISO 9001 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх болсон. 2023 оны байдлаар Монгол улсад бүртгэлтэй 96,815 аж ахуй нэгж байгаа бол үндэсний итгэмжлэгдсэн байгууллагаас гэрчилгээ авсан 510 компани тус стандартаар гэрчилгээжсэн гэсэн статистик тоо байна. Стандартыг зөвхөн гадаад имидж, нэр хүнд талаас нь ойлгож өнгөцхөн хэрэгжүүлсэн байгууллага менежментийн тогтолцооны үр дүнтэй байдал, үр ашгийг нь үл мэдэрч буруу дүгнэх байдлыг нийгмийн харилцааны явцад хэд хэдэн удаа мэдэрсэн тул тус судалгааг стандартыг амжилттай нэвтрүүлэх нь байгууллагын гүйцэтгэлд хэрхэн нөлөөлж байгаа талаар судалж цаашид хэрэгжүүлэх байгууллагуудад судалгааны үр дүнд тулгуурлан шийдвэр гаргахад нь нөлөөлөх үндэслэл бий болж судлах болсон.
Дипломын ажлаараа Монголын бизнесийн байгууллагуудын хувьд Чанарын менежментийн тогтолцооны стандарт ба байгууллагын гүйцэтгэл хоорондын хамаарлыг тус стандартыг хэрэгжүүлсэн байгууллагуудыг хэрэгжүүлээгүй байгууллагуудтай харьцуулах замаар үнэлж ямар хүчин зүйлсээр ялгаатай байгааг судлахад чиглэсэн. Судалгааны ажлын түүврийг Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй тодорхой салбараар хязгаарлахгүйгээр бизнесийн байгууллагуудын гүйцэтгэл болон чанарын менежментийн тогтолцоо хоёрын хоорондын хамаарлыг 12 хүчин зүйлсийн хүрээнд судалсан. Судалгааны асуулгыг 2024 оны 03-р сарын 06-ны өдрөөс 04-р сарын 12-ны өдөр хүртэл нийтдээ 36 өдөр Гүүгл форм ашиглан онлайнаар байгууллагын менежер болон чанарын менежерээс дээш түвшний удирдах албан тушаалтай ажилтнуудаас бүтэцлэгдсн 53 асуулгаар судалгааг авсан. Судалгаанд чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэн 57 компани, нэвтрүүлээгүй 52 компани нийт 109 компани хамрагдсан.
Судалгааны ажлын үр дүнгээс харахад чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлсэн байгууллага нь нэвтрүүлээгүй байгууллагынхаас бүх хүчин зүйлсийн дунджаар 11.8%-иар өндөр үзүүлэлттэй гарч судалгааны ажлын зорилго хангагдсан. Тухайлбал судалгааны ажлын таамаглалууд болох стандартыг нэвтрүүлсэн байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, ажилчдын сэтгэл ханамж, хэрэглэгчийн сэтгэл ханамж, байгууллагын гүйцэтгэл, санхүүгийн гүйцэтгэл нь өндөр гарч байгаа нь чанарын менежментийн тогтолцоо нь байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад чухал нөлөөтэйг баталсан судалгааны ажил болсон. Цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа байгууллагуудад шийдвэр гаргахад нь судалгааны ажлын үр дүн эерэгээр нөлөөлөх болно. |
en_US |