Хураангуй:
Монгол улсын нийт экспортын 90 гаруй хувь, нийт үйлдвэрлэлийн 70 гаруй хувь, ДНБ-ий 24 хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбар нь эдийн засагт голлох нөлөөг үзүүлдэг. Монгол улс олборлож буй ашигт малтмалын түүхий эдийн дийлэнх хувийг боловсруулалгүй экспортод гаргаж байгаа нь байгалийн нөөцийнхөө үнэ цэн, өгөөжийг бүрэн хүртэж чадахгүй нөхцөл байдлыг бий болгож байна.
Энэхүү судалгааны хүрээнд Монгол Улсын уул уурхайн түүхийн эдээс 80/20-ийн дүрэм баримтлан эдийн засагт гол нөлөө үзүүлж буй зэс, нүүрсийг сонгон авсан. Монгол улс уул уурхайн түүхий эдээ экспортлох гол зах зээл нь БНХАУ байдаг учир сонгон авсан түүхий эд болох зэс ба нүүрс нь БНХАУ-ын хувьд хэдэн үе шаттайгаар эцсийн бүтээгдэхүүн болж байгааг Санкей диаграммаар илэрхийлсэн. Мөн хэр хэмжээний үр ашиг эдийн засагтаа бий болгож буйг үнийн төсөөлөл хийж, үржүүлэгч тооцон, тус үржүүлэгчдийг ашиглан Монгол улс зэс, нүүрсний боловсруулах үйлдвэртэй болсноор эдийн засагт хэдий хэмжээний үр ашиг бий болгох боломжтойг Эдийн засгийн нөлөөллийн шинжилгээ хийн тооцоолсон.
Шинжилгээний үр дүнд зэс, нүүрсний боловсруулах үйлдвэргүйгээр цаашид ДНБ (2015 оны суурь үнээр) түүхэн дундаж өсөлтийн хувиараа өссөөр байна гэж үзвэл Монгол Улс нь:
● Цэвэршүүлсэн зэс боловсруулах үеийн ДНБ-ий дүнд 2031 онд
● Хагас боловсруулсан зэсийн боловсруулах үеийн ДНБ-ий дүнд 2046 онд
● Зэсийн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үеийн ДНБ-ий дүнд 2048 онд
● Угаасан нүүрс боловсруулах үеийн ДНБ-ий дүнд 2040 онд
● Бүрэн боловсруулсан нүүрстэй үеийн ДНБ-ий дүнд 2041 оны 2-р улиралд хүрэхээр байна.
Монгол улс зэсийн болон нүүрсний боловсруулах үйлдвэр барьснаар эдийн засагт эерэг нөлөөтэй байж, үр ашиг нэмэгдэх төсөөлөлтэй байна.