Хураангуй:
Онцгой нөхцөлтэй гэрээг судалснаар эдийн засагт нөлөөлж болохуйц хууль дүрэм, шудрага өрсөлдөөн мөн хэрэглэгчдийн сэтгэл ханамж гээд олон хүчин зүйлийн бодит нөлөөг мэдэх боломжтой.
Монголд хамгийн ойрхон жишээ бол бид нарын өдөр тутамдаа үйлчлүүлдэг франчайзинг байгууллагууд юм. Энэхүү төрлийн босоо хязгаарлалттай гэрээг судлах нь өрсөлдөөнд үзүүлэх нөлөөг ойлгох ба босоо хязгаарлалтууд нь өрсөлдөөнийг дэмжигч болон өрсөлдөөнийг эсэргүүцэх нөлөөтэй эсэхийг тодорхойлж болох юм.
Жишээлбэл, онцгой нөхцөлтэй гэрээ нь дилерүүдэд бүтээгдэхүүнээ сурталчлахад хөрөнгө оруулах урамшуулал олгох замаар үр ашигтай хуваарилалтыг дэмжих боловч боломжит өрсөлдөгчдийн зах зээлд нэвтрэх боломжийг хааснаар өрсөлдөөнийг хязгаарлаж чадна. Босоо хязгаарлалт нь бараа, үйлчилгээний хүртээмж, чанар, үнэд нөлөөлж хэрэглэгчийн сайн сайхан байдалд нөлөөлж болно. Жишээлбэл, тодорхой бүтээгдэхүүний үнийг өсгөхөд хүргэдэг босоо хязгаарлалт нь үйлдвэрлэгчдэд ашигтай боловч илүү төлөх ёстой хэрэглэгчдэд хор хөнөөл учруулдаг гэх шүүмжлэлийг дагуулдаг.
Энэхүү судалгааны ажлаар системчилсэн тоймын аргаар энэхүү босоо хязгаарлалттай онцгой гэрээний нөхцөлийг эдийн засагт хэрхэн нөлөө үзүүлдэг мөн эдийн засгийн бүлгүүдэд ямар нөлөө үзүүлдэгийг тодорхойлохыг эрмэлзлээ.