Хураангуй:
Ядуурлыг шийдэх арга замыг нийтээрээ хайж, түүнтэй тэмцэх олон төрлийн арга хэрэгсэл, бодлогуудыг хэрэгжүүлдэг ч ядуурах эмзэг байдалд төдийлөн анхаарал хандуулахгүй байгаа нь эдгээр үйл ажиллагааг үр дүнгүй болоход нөлөөлсөөр байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд ядуурал ба эмзэг байдалтай холбоотой судалгааны чиглэл эрчимтэй хөгжиж, энэ талын судлаачид олширч байгаа ч манай улсын хувьд ядуурах эмзэг байдал болон ядуурлын харилцан хамааралд чиглэсэн судалгааны бүтээл хомс байна. Түүний нэг томоохон шалтгаан нь өрхийн хэрэглээг хангалттай түвшинд тодорхойлохуйц панел өгөгдөл байхгүй байгаа юм. Тиймээс 2021 оны ӨНЭЗС-ний өрхийн кросс дата мэдээлэлд тулгуурлан ядуурах эмзэг байдлыг өрхийн ирээдүйд ядуурах магадлалаар тооцон бүс нутгуудын хүрээнд шинжлэх зорилготой. Ингэхдээ өрхийн нэг хүнд ноогдох дундаж хэрэглээг ядуурлын шугамтай дүйцүүлэн хэрэглээний бүрдэл хэсгээс хүнсний болон хүнсний бус хэрэглээг авч тооцсон болно. Уг судалгаанд нэгдсэн нэг тооцооллоор өрхүүдийн ирээдүйд ядуурах магадлалаар бүсүүдийн ядуурлын түвшнийг тооцон хөдөө орон нутагт ядуурал хэр зэрэг өртөж буйг харуулсан. Ядуурал ба эмзэг байдалд нөлөөлж буй нэг өрхөд ногдох дундаж малын тоо, хэрэглээний хэлбэлзэл, өрхийн тэргүүний нас, боловсрол, гэрлэлтийн байдал гэх мэт үзүүлэлтүүдээс хамааруулан үнэлсэн. Үр дүнд эмзэг байдлын түвшин ядуурлын түвшнээс өндөр гарсан.