Хураангуй:
Сүүлийн жилүүдэд шинэ технологи, хөрөнгө оруулалтын шинэ хэрэгслүүд
эрчимтэй хөгжиж олон нийтийн хөрөнгө оруулах сонирхлыг ихээхэн татаад байгаа
билээ. Энэ давлагаа манай улсад ч эрчээ авч Монголын хөрөнгийн бирж 2021 онд түүхэн
амжилт тогтоосон. Үүнд Монгол банк бодлогын хүүгээ бууруулж банкнуудын
хадгаламжийн хүү буурч үүнтэй зэрэгцэн крипто валютын хувьсал аж үйлдвэрлэлийн
шинэ хувьсал, шинэ дэвшилтэт санхүүгийн хэрэгсэл болох хүлээлттэй байгаа зэрэг нь
шинэ хөрөнгө оруулагч, тэр дундаа залуу хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээхэн
татсан. Тиймээс ч зарим хөрөнгө оруулагчид хэт эрсдэлтэй зах зээлд мэдлэг, мэдээлэлгүй
орж бүх хөрөнгөө алдах, залилуулах зэрэг үр дагавар гарч байгаа нь хөрөнгийн зах
зээлийн нэр хүндийг унагах, хөрөнгө оруулагчдын итгэлийг алдах зэрэг сөрөг нөхцөл
байдлыг үүсгэж болзошгүй. Тиймээс нотолгоонд суурилсан мэдээлэл түгээх, хувь
хөрөнгө оруулагчдын боловсролыг дээшлүүлэх зайлшгүй шаардлага байна.
Хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад зан төлөвийн гажуудлаар тайлбарлах
судалгааны ажлууд хангалттай байдаг боловч бусад хувь хүний суурь мэдээлэл, нийгэм,
эдийн засгийн хүчин зүйлсээс хамаарах байдлыг үнэлсэн судалгааны ажил Монгол улсад
ховор байгаа нь энэ төрлийн судалгааг хийгдэх шаардлагатайг харуулж байна. Энэхүү
судалгааны ажлаар эдгээр хүчин зүйлсийг тодорхой таамаглал дэвшүүлэн анхдагч болон
хоёрдогч судалгааны өгөгдөл ашиглан судална. Анхдагч өгөгдлийг нийт 386 хүнээс
хөрөнгө оруулагчийн суурь мэдээлэл, эрсдэл даах чадвар, хөрөнгө оруулалтын туршлага,
мэдлэг гэсэн 4 хүчин зүйлийг 16 асуултаар тодорхойлж 6 хүчин зүйлийг likert 5 scale
point-р үнэлсэн. Судалгааг цахим хэлбэрээр авч үр дүнг Microsoft exel, IBM SPSSS
программ ашиглан гаргасан.
Судалгааны үр дүнд эрсдэл даах чадвар, санхүүгийн зорилго, эдийн засгийн
нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын туршлага, хувийн санхүүгийн нөхцөл байдал,
мэдээллийн хүртээмж зэрэг нь хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад нөлөөлдөг бөгөөд
хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэхэд хөрөнгө оруулалтыг сонгох сонголт нь
өөрчлөгддөг байна.