Хураангуй:
Интернэт банк нь монголын зах зээлд нэвтрээд төдийлөн удаагүй байгаатай холбоотойгоор орон нутгийн иргэд ихэвчлэн интернэт банкаар хийгдэх боломжтой банкны үйлчилгээнүүдийг уламжлалт хэлбэрээр авсаар байв. Банкны салбар, бэлэн мөнгөний машин руу явж үйлчилгээ авах нь хамгийн түрүүнд харилцагч иргэдийн цагийг үрээд зогсохгүй оочир дараалал, үйлчилгээний шимтгэл гэх зэрэг хэд хэдэн сул тал байлаа. Иймээс харилцагчдийн интернэт банкны хэрэглээг нэмэгдүүлэх боломжийг судалж хэрэгжүүлэх нь хоёр талд ашигтай шийдэл болов.
Уг судалгааны ажлын хүрээнд орон нутаг дахь цахим банкны хүртээмжийн өнөөгийн байдлын судалгааг хийж, орон нутгийн иргэдэд цахим банкийг хэрэглэхэд тохиолддог бэрхшээл, идэвхтэй хэрэглэдэггүй шалтгаануудыг тогтоосны үр дүнд цахим банкны хүртээмжийг нэмэгдүүлэх талаар боломжит шийдлийг гаргалаа.
Орон нутагт амьдардаг банкны харилцагч иргэдийн цахим банкны хэрэглээ, хүртээмжийг судлахаар орон нутгийн иргэдийн харилцаа холбоо, технологийн хүртээмж судалгааг хийв. Мөн судлаач миний бие google form ашиглан орон нутагт амьдардаг иргэдээс цахим банкийг хэрэглэдэг эсэх, хэр идэвхтэй хэрэглэдэг, хэрэглэхэд ямар бэрхшээл, асуудал гардаг талаарх судалгааг авсан билээ.
Судалгааны үр дүнгээс харахад сумын төвөөс хол амьдардаг иргэдэд технологийн хүртээмж бага байсан нь интернэт банкийг идэвхгүй ашиглахад нөлөөлж байсан юм. Мөн түүнчлэн зарим иргэдийн интернэт банкны талаарх мэдлэг доогуур түвшинд байлаа. Үүнээс харахад орон нутаг дахь иргэдийн санхүүгийн боловсролыг дэмжих, дээшлүүлэх замаар цахим банкны хэрэглээг нэмэгдүүлэх нь банкны хувьд чухал хэрэгцээтэй байв.