Хураангуй:
Хувь хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын шийдвэртээ бизнесийн мөчлөгийг төдийлөн тусгаагүйгээс болж мөчлөгийн уналтын үе шатанд сэтгэлзүйн хувьд айдас түгшүүртэй мэдрэмж авч, оновчгүй шийдвэр гарган алдагдал хүлээх магадлал өндөр байна. Нөгөөтээгүүр хөрөнгө оруулагчид оруулсан хөрөнгө оруулалтаасаа өгөөж олохын тулд тодорхой хэмжээний эрсдэлтэй тулгардаг бөгөөд мөчлөгийн энэ үед энгийн үеэс эрсдэл нь өндөр, өгөөж бага байх хандлагатай байдаг. Тиймээс энэхүү судалгааны ажлаар уналтын үед Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компаниудын хувьцаагаар оновчтой буюу өгөгдсөн өгөөжийн түвшинд эрсдэл бага байх хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэх боломж, хэрэгжүүлэх арга замыг судлав. Бизнесийн мөчлөгийг тодорхойлохдоо Монгол Улсын эдийн засгийн мөчлөгт нөлөөлөгч хүчин зүйлсээс 5 индикаторыг сонгон ашигласан ба багц бүрдүүлэхдээ Марковицын багцын онол дээр үндэслэн, тодорхойлсон уналтын үеүдэд хүнсний үйлдвэрлэл, нэхмэлийн үйлдвэрлэл, жижиглэн худалдаа, арьсан бүтээгдэхүүний салбарын хувьцаанууд сайн гүйцэтгэлтэй ажилладаг гэсэн үр дүнд хүрлээ. Харин хувьцаа тус бүрээр оновчтой багц бүрдүүлэхэд бизнесийн мөчлөгийн уналтын үед Улсын Их Дэлгүүр, Дархан Нэхий, Талх Чихэр, Мах Импекс, АПУ, Говь ХК-уудын хувьцаа гүйцэтгэл сайтай байдаг тул уналтын үеийн оновчтой багцад багтаж байна.