dc.description.abstract |
Хиймэл оюун ухаан, технологи, харилцаа холбооны хэрэгслүүдийн дэвшил мөн КОВИД-19 цар тахлын нөлөөгөөр хүмүүст хаанаас ч ажиллах боломж үүсэж, сүүлийн жилүүдэд гибрид буюу цахим-оффис хосолсон ажлын байрууд дэлхий дахинаа эрс нэмэгдэж байна. АНУ-ын консалтингийн үйлчилгээ үзүүлэгч Gartner Inc компанийн судалгаагаар тус улсад 2020 онд гибрид ажлын байруудын эзлэх хувь 12% байсан бол 2023 онд 39% болж өссөн үр дүн гарчээ (STAMFORD, Conn., March 1, 2023). Иймээс манлайлагч нарт багаа идэвхжүүлэх, урам зоригоор цэнэглэх, яг хажуудаа байгаа мэт удирдан чиглүүлэх, хүний бодол санаа, үйл хөдлөл, зан төлөвийн зан чанарт өөрчлөлт оруулах нөлөөллийн цоо шинэ манлайллын арга барил, ур чадваруудыг шаардаж байна.
Зайнаас тулгарч буй асуудлуудыг тодорхойлохоор K.Eikenberry, W.Turmel нарын боловсруулсан стандарт асуумжийг ашиглан 105 удирдах түвшний манлайлагч нарын дунд судалгааг явуулав. Бүтээмжийн болон манлайлалтай холбоотой сорилтуудыг тодорхойлохдоо J.Birkinshaw, M.Gudka (2021) нарын боловсруулсан аргачлалыг ашиглалаа. Судалгааны үр дүнд зайнаас манлайлах явцад дараах хүндрэл бэрхшээлүүд тодорхойлогдов. Үүнд: хамгийн өндөр буюу 39.40% -ийг “Анализ хийх, нөхцөл байдлыг ойлгох” буюу манлайлагчийн хувь хүний сэтгэл зүй, ур чадвараас хамааралтай хариултууд байв. Судалгаанд оролцогчдын 44.8% нь хамт байхдаа ажилладаг шигээ идэвхтэй чадварлаг байгаа эсэхэд эргэлздэг гэсэн нь дарга ажилтны хоорондын харилцаа, бие биедээ итгэх итгэл, эргэх холбоо дутагдаж байгааг харуулж байна. Эмэгтэйчүүдтэй харьцуулахад эрэгтэй манлайлагчдын хувьд детальд бага анхаарал хандуулж улмаар сэтгэл зовнилд бага өртдөг гэж тодорхойлогдсон. Түүнчлэн ажиллах хэлбэр ажлын бүтээмжид нөлөөлдгийг тус судалгааны ажлаар баталлаа.
Зайнаас амжилттай манлайлахад танин мэдэхүйн, ажил үүргийн, хүн хоорондын гэсэн олон бүлэг асуудлуудыг танин мэдсэнээр манлайлагчид өөрийн баг хамт олонд нь тулгарч буй бэрхшээлүүдийг шийдвэрлэх, даван туулах стратеги боловсруулахад, байгууллагын гүйцэтгэл, нийт амжилтыг сайжруулахад чухал нөлөөтэй байна. |
en_US |