dc.description.abstract |
Арилжаа солилцооны тохиролцоогоор хүлээсэн үүрэг, амлалт зохих ёсоор биелэдэг байх нь Бизнесийн харилцаа хөгжих гол хөшүүрэг юм. Энэхүү хөшүүргийг ажиллуулах түлхүүр нь Бизнесийн хэлцлээр хүлээсэн үүргийг зөрчсөнтэй холбоотой хариуцлагыг тодорхойлсон гэрээ, гэрээний эрх зүйн диспозитив (defaut) хэм хэмжээ буюу гэрээний институци байдаг гэсэн итгэл үнэмшил бодит байдалд хэрхэн хэрэгжиж байгааг энэхүү судалгааны ажлаар тодруулахаар зорьсон. Өөрөөр хэлбэл, тус судалгааны ажлын хүрээнд бид Бизнесийн байгууллагууд хэлцэл, тохиролцоогоо биелүүлэхэд нөлөөлдөг гол хүчин зүйлсийг тодорхойлж, тэдгээрийн хүрээнд гэрээний хариуцлага ямар байр суурь эзэлдэг болохыг тодорхойлон харуулахыг зорьсон юм. Хуулиар гэрээний институцийн хүрээнд хүлээлгэхээр тогтоосон хариуцлагаас бусад хүчин зүйл нь Бизнесийн хэлцлийн биелэлтэд чухал нөлөө үзүүлдэг бол тэдгээрийг илэрхий болгох, ангилах, тус бүрийн онцлог, шинж чанаруудыг тодруулан харуулах нь Бизнесийн орчинг сайжруулахад чухал ач холбогдолтой болно.
Тус судалгааны ажлаар гэрээний нийгэмд гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг тодорхойлсон, гэрээний үүргийг хангах аргыг тодорхойлсон нэг сэдэвт судалгааны бүтээл, сурах бичгүүдийг тоймлон авч үзлээ. Эдгээр гэрээний эрх зүйн талаарх уламжлалт ойлголтыг АНУ-ын хууль зүйн салбарын тэргүүлэх Профессор Грант Гилморын “Гэрээний мөхөл” хэмээх бүтээлээр хөндөж тавигдсан Бизнесийн харилцаанд ёс зүй, итгэлцэл гол нөлөөтэй гэх үзэл санаатай харьцуулан өөрийн улсын бизнес эрхлэгчдийн дунд судалгаа хийсэн болно.
Энэхүү магистрын зэрэг горилох ажлын хүрээнд хийсэн судалгаагаар Бизнесийн хэлцлээр хүлээсэн үүрэг биелэгдэхэд гэрээний хариуцлага, хууль зүйн арга хэрэгсэлээс илүүтэй ёс зүй, Бизнесийн харилцааны ирээдүйн хүлээлт зэрэг бусад хүчин зүйлс чухал үүрэгтэй болох нь тогтоогдсон юм.
Цаашид бидний энэхүү судалгааны ажил нь Бизнесийн үйл ажиллагаа, гэрээний төрөл тус бүрийн онцлогийг харгалзсан нарийвчилсан судалгааны суурь болох бөгөөд бизнес эрхлэгчдийн хувьд гэрээ, хэлцэл хийхэд гаргах хүчин чармайлт, зардлыг зөв тооцоход хувь нэмэр оруулна гэж найдаж байна. |
en_US |