Хураангуй:
Энэхүү судалгааны ажлын хүрээнд эдийн засгийн шүүх шинжилгээний эрх зүйн байдлын тулгамдаж буй асуудлуудыг судалж, практикт хэрхэн уялдаж зохицуулагдаж байгааг мөн гадаад улс орны шүүх шинжилгээний эрх зүй хэрхэн боловсруулагдан хөгжиж буй зэргийг харьцуулан судлах арга, логик анализийн арга, дескриптив арга зүйд үндэслэн судаллаа.
Эдийн засгийн шүүх шинжилгээ гэдэг нь тусгай мэдлэг бүхий хүн эдийн засгийн шинжилгээ хийх эрх авч, түүнийг шүүх, прокурор зэрэг эрх бүхий байгууллагаас томилох, томилогдсон эдийн засгийн шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гарган, шүүхэд танилцуулах нэгэн цогц үйл ажиллагаа юм. Иргэний, эрүүгийн, захиргааны, арбитрын хэрэг маргаануудад татвар, санхүүгийн болон төрийн хяналт шалгалт, өмч хөрөнгөтэй холбоотой маргаанууд жил ирэх тусам нэмэгдэн гарч байгаа бөгөөд эдийн засгийн эрхийн маргаан, эдийн засгийн гэмт хэрэг үүсэх хэрээр эдийн засгийн шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргах хэрэгцээ шаардлага нэмэгдэж байна. Монгол улсын хэмжээнд эдийн засгийн шүүх шинжилгээтэй холбоотой судалгаа хомс байгаа бөгөөд шүүхийн шинжилгээ гэдгийг зөвхөн шүүх эмнэлгийн шинжилгээ гэсэн хэвшмэл ойлголтыг залруулах, цаашлаад эрх зүйн зохицуулалтыг сайжруулах шаардлагатай гэсэн таамаглал дэвшүүлж байна.