Хураангуй:
Мэдээллийн технологийн засаглалын тухай ойлголт шинэ биш бөгөөд байгууллагын удирдах ажилтнуудын түвшинд ойлголт зарим талаар байгаа боловч системтэй нэгдсэн ойлголт сул байгаа нь судалгааны ажлын явцад харагдаж байна. Зарим тохиолдолд Мэдээллийн технологийн засаглалыг бизнесийн удирдлагууд зөвхөн Мэдээллийн технологи, түүнийг хариуцсан захирлын үүрэг, хариуцлага гэж хүлээж авч байгаа нь уламжлалт ойлголт хадгалагдаж байж болзошгүйг харуулж байна. Мэдээллийн технологийн чиглэлд оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээг актив хөрөнгөд харьцуулсан үзүүлэлтээр Монгол Улсын томоохон банкууд ОУ-ын хэмжээнд өрсөлдөхүйц байна. Ийм хэмжээний нөөцийг зохистой ашиглахын тулд МТ-ийн засаглалыг илүү хөгжүүлж удирдах шаардлагатай.
Үүний тулд байгууллагын топ түвшний удирдлага, ТУЗ-ийн манлайлал дор Мэдээллийн технологийн засаглалыг илүү хөгжүүлэхэд байгууллагууд анхаарах хэрэгтэй.
Юуны түрүүнд байгууллага бүр Мэдээллийн технологийн засаглалын суурь ойлголт ямар хэмжээнд байгааг үнэлэх асуумж, судалгааг өөрийн байгууллагын хэмжээнд хийж, нөхцөл байдлыг зөв тодорхойлохоос эхлэх шаардлагатай.
Үүнд Мэдээллийн технологийн засаглалын онолын ойлголтууд, зарчмын тухай энгийн бөгөөд жишиг судалгааны эх сурвалж чухал үүрэгтэй.
Нэгэнт ерөнхий ойлголттой болсон байгууллагууд МТ-ийн засаглалыг үнэлэх аргачлалыг тодорхойлохдоо аль нэг стандарт, туршлагыг дангаар шууд ашиглахаас илүүтэй өөрсдийн бизнесийн хэмжээ, цар хүрээтэй уялдуулж, өөрт тохирсон /self tailored/ аргачлал, хэмжих үзүүлэлтийг бий болгож чадна.
Энэхүү судалгаагаар Мэдээллийн технологийн засаглалын 5 шинэ бүрэлдэхүүний хэсэг тус бүрийг ашиглахад хялбар, үр дүнтэй байх шалгуур тавьсан.