Хураангуй:
Сүүлийн жилүүдэд газрын тосны хайгуул, олборлолтын явцад хүрээлэн буй орчны бохирдол дундаас хөрсний бохирдол эрчимтэй нэмэгдсэн нь байгаль орчны тэнцвэрт байдал алдагдахад хүргэсэн. Байгаль орчны тэнцвэрт байдал алдагдах нь биологийн олон янз байдал, экосистем мөн хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж нийгмийн эрүүл мэндийн аюулгүй байдал алдагдахад хүргэж байна. Хөрсний бохирдол нь биологийн олон янз байдлыг үгүй болгох аюултай бөгөөд хөрсөнд халдварт өвчин үүсгэгч бактери удаан хугацаагаар амьдарснаар нийгмийн эрүүл мэндэд аюул учруулна. Мөн хөрсөн дэх хүнд металлууд стандартад заасан хэмжээнээс хэтэрсэн шинжилгээний үзүүлэлтүүд гарч байна. Иймд газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагааны улмаас хүн, амьтанд хор хөнөөл ихтэй хүнд металл нь тухайн орчинд тархаж, хөрсийг бохирдолд оруулж байгааг тогтоох шаардлагатай. Мөн хөрсний бохирдлыг цэвэрлэх, нөхөн сэргээх, хэрхэн эрүүлжүүлэх олон аргаас эдийн засгийн хувьд тохиромжтой болоод байгаль орчинд хамгийн ээлтэй био аргыг сонгох шаардлагатай байна.