Хураангуй:
Манай улсын Банк бус санхүүгийн байгууллагууд энэ боломжийг маш сайн ашиглаж байгаа бөгөөд үнэт цаасны компаниудаар дамжуулан хаалттай өрийн бичгийг арилжиж эх үүсвэрийн хэрэгцээгээ хангаж байна.
Мөн хөрөнгө оруулагчид инфляцийн түвшнээс өндөр өгөөжтэй буюу эерэг бодит өгөөжтэй санхүүгийн хэрэгсэл болох Банк, бус санхүүгийн байгууллагын хаалттай өрийн хэрэгсэлд хөрөнгө оруулж шаардлагатай хэрэгцээгээ хангаж байна.
Иймд биржийн бус зах зээлд оролцож, хөрөнгө оруулалт хийх сонирхолтой иргэд, мэргэжлийн байгууллагуудын хувьд эрсдэлийг бодитой, хараат бусаар үнэлж, хөрөнгө оруулалтын бодит үнэ цэнийг үнэлсэн мэдээллийн хэрэгцээ, шаардлага өндөр байгаа бөгөөд энэхүү хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор ББСБ-ын өрийн бичигт зээлжих зэрэглэл тогтоох аргачлал боловсруулсан.
Энэхүү аргачлал нь Олон Улсын зээлжих зэрэглэлийн байгууллагуудын сайн туршлагыг харгалзсан, Монгол Улсын Банк бус санхүүгийн салбарын онцлог, санхүүгийн үзүүлэлтүүд, тусгайлсан хуулийн зохицуулалтуудыг шингээсэн бөгөөд практик ач холбогдлыг нэмэгдүүлэх зорилгоор ББСБ-ын салбарын удирдах түвшинд ажиллаж байгаа ажилтнуудаас санал асуулга авч, тэдгээрийн үр дүнг шингээснээрээ онцлогтой.
Мөн ББСБ-ын гаргаж буй өрийн бичгийн дүн, хугацаа зэрэг үзүүлэлтийг шингээн суурь үнэт цаас гаргагчийн нөхцөл байдалд хувилбарт өөрчөлт оруулан дүгнэснээрээ ББСБ-ын өрийн бичгийн үндсэн төлбөрийг төлж чадахгүй болох эрсдэлийг бодитой үнэлэх боломжийг сайжруулсан.
Энэхүү аргачлалд үндэслэн цаашид Биржийн бус зах зээлд гарах бондууд зээлжих зэрэглэл тогтоолгосон тохиолдолд бонд гаргагчдын хувьд эрсдэлээ зах зээлд бодитой үнэлүүлснээр эх үүсвэрийн зардлыг бууруулах, хөрөнгө оруулагчдын хувьд эрсдэл багатай хөрөнгө оруулалт хийх боломжийг нэмэгдүүлэхээр байна.