Хураангуй:
Технологийн хурдтай хөгжил, өрсөлдөөний чиг хандлагын өөрчлөлтийн нөлөөгөөр ажлын байрны гол ур чадварууд хувьсан өөрчлөгдөж байна. Энэхүү шилжилттэй хөл нийлүүлэн алхах нь дотоод аудиторуудад маш том боломжуудыг бий болгож байдаг бол эсрэгээрээ эзэмшихгүй хоцрох нь мэргэжлээсээ шахагдах аюулыг дагуулж байна.
Тиймээс байгууллагын бүхий л үйл ажиллагааны түвшинд үнэлэлт дүгнэлт өгч, баталгаажуулах болон зөвлөн дэмжих чиг үүрэг бүхий дотоод аудиторууд нь энэхүү ур чадварын өөрчлөлтийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж байна уу, сайжруулах хэрэгцээ шаардлага бий эсэх, мөн ур чадварын тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломжийн талаар судлахад энэхүү судалгааны ажил чиглэгдсэн.
Ингэхдээ ажил олгогчдын зүгээс эрэлхийлж буй хүлээлт, мэргэжилтний ур чадвар, чадамжуудыг үнэлж буй байдлыг тодорхойлохын тулд ажлын байрны заруудад шинжилгээ хийх, мөн түүнчлэн салбарын экспертүүд, байгууллагын дотоод аудитын удирдлагуудтай ярилцлага хийх зэрэг хосолмол аргыг ашигласан. Харин дотоод аудиторуудын өнөөгийн түвшнийг үнэлэх, сайжруулах шаардлагатай байгаа ур чадваруудыг тодорхойлохдоо анкетын аргаар асуулга авч харьцуулан ур чадварын зөрүүг тодорхойлон гаргасан. Эдгээр аргуудыг ашиглахдаа ОУДАИ-ийн судалгаа болон чадамжийн хүрээ, мөн ДЭЗФ-ын ур чадварын чиг хандлагын судалгаа зэргийг тэргүүн жишиг болгон авч үзсэн бөгөөд ур чадвар, чадамжийн түвшнийг тодорхойлж, зөрүүг үнэлэхэд олон улсад түгээмэл ашиглагддаг Training need assessment (TNA) буюу сургалтын хэрэгцээний үнэлгээний загварын тусламжтайгаар судалгааг хийж гүйцэтгэсэн.