Хураангуй:
Гарааны бизнест зорилгоо биелүүлэхэд шаардлагатай мөнгөн хөрөнгийг бүрдүүлж, хөрөнгө оруулалт татах үйл ажиллагаа болон уламжлалт жижиг, дунд бизнесүүдийг ардаа орхиж, богино хугацаанд хурдацтай өсөж хөгжиж буй гарааны бизнесүүдэд хөрөнгө оруулах замаар өгөөж хүртэх зорилготой хөрөнгө оруулагчид сүүлийн жилүүдэд идэвхтэй болж ирж байна. Гарааны бизнес эрхлэгчдийн хувьд санхүүжилт татаж, бизнесээ өргөжүүлж, хөгжлийн өөр түвшинд аваачих хүсэл эрмэлзэл их байгаагийн сацуу эдгээр хоёр талуудын хоорондын тохиролцоог амжилттай болгох зүйл бол гарааны компаний үнэлгээ билээ. Гарааны бизнес эрхлэгч өөрийн бүтээсэн компаниа хэдээр үнэлж тогтоож байгаа нь цаашлаад хөрөнгө оруулагчаас хэдий хэр хэмжээний хөрөнгө оруулалт татаж чадахтай нягт холбоотой байдаг. Олон улсад гарааны бизнесийн үнэлгээтэй холбоотой тайлан, эрдэмтдийн хийсэн судалгааны ажил байх нь элбэг хэдий ч манай улс орны хувьд гарааны бизнесийн үнэлгээний асуудал өнөөг хүртэл хангалттай сайн судлагдаагүй байна. Энэхүү судалгааны зорилго нь олон улсад гарааны компанийг үнэлдэг аргазүйг судалсны үндсэн дээр Монгол улсад хөгжлийн эхэн шатандаа яваа технологи суурьтай гарааны бизнесүүдийг сонгон авч үнэлгээг судлан, тэр дундаас нэг технологи суурьтай компани дээр гурван өөр аргачлалаар үнэлж, судалгаа шинжилгээ хийхийг зорилоо.