dc.description.abstract |
Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн нийт зарцуулалт 15.6 их наяд төгрөг буюу өмнөх оноос 12.2%, 2015 оноос 119%-аар өссөн үзүүлэлттэй байна. Гэсэн хэдий ч дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2015 оны зэрэгцүүлэх үнээр бодит өсөлт 18% орчим буюу төсвийн зарцуулалт эдийн засагт бодитой өсөлтийг үзүүлэхгүй байгаа нь бидний анхаарлыг татсан. Энэхүү судалгааны ажлын хүрээнд Монгол улсын төсвийн нэгдсэн шинжилгээг 2012-2021 оны тоон мэдээлэлд үндэслэж ижил төстэй гадаад орнуудтай төсвийн орлого, зарлагын бүтцийг харьцуулсан. Монгол Улсын төсвийн 2017-2021 оны үндсэн 21, 112 дэд хөтөлбөрийн гүйцэтгэлийг засгийн газрын чиг үүргийн (COFOG) ангиллаар 10 бүлэгт хөрвүүлэлт хийж төсвийн нэгдсэн зураглалыг гаргасан. Гадаад улс орнуудтай харьцуулж үзэхэд ДНБ-д эзлэх төсвийн зарцуулалтын хэмжээ нь бага дунд орлоготой орнуудынхаас өндөр байгаа боловч, цалин хөлсний зардлын эзлэх хувь нь бага дунд орлоготой орнуудтай харьцуулахад бага байна.
Төсвийн нийт зарцуулалтыг засгийн газрын чиг үүргийн ангиллаар авч үзэхэд сүүлийн 5 жилийн дунджаар нийгмийн хамгаалал болон төрийн нийтлэг үйлчилгээний чиг үүргийн зарцуулалт хамгийн өндөр байсан бол эдийн засгийн харилцаанд бага хувийн төсвийг зарцуулсан байна.
Засгийн газрын чиг үүргээрх ангиллын судалгааг анх удаа хийж гүйцэтгэсэн бөгөөд энэхүү ангиллаар Монгол улсын төсвийн зураглалыг боловсруулсан нь шинэлэг болсон. Цаашид чиг үүргийн ангиллаар төсвийг төлөвлөж судлаач нарт мэдээллийг нээлттэй, ашиглахад хялбар болгосноор гадны улс орны засгийн газрын чиг үүргээрх бүтцийг өөрийн оронтой харьцуулж харах урт хугацааны бодлогын шийдвэр гаргахад ашиглахад давуу талтай байна. |
en_US |