Хураангуй:
Манай орны хувьд Ковид-19 цар тахлын нөлөөллийг тодорхой салбаруудын хүрээнд нэлээдгүй судалсан байгаа боловч даатгалын салбар дахь нөлөөлөл хангалттай судлагдаагүй байна. Тиймээс энэхүү судалгааны ажлаар даатгалын салбарын гол оролцогч болох ердийн даатгалын компаниудад цар тахал хэрхэн нөлөөлсөн болохыг судлахыг зорьсон.
Монгол улсын даатгалын салбарт Ковид-19 цар тахал хэрхэн нөлөөлснийг тоон болон чанарын судалгааны арга зүйг ашиглаж тодорхойлсон. Тоон шинжилгээг хийхдээ гадаад болон дотоодод судлагдсан судалгааны ажлуудад тулгуурлан манай орны санхүүгийн зах зээл, даатгалын салбарт тохирох судалгааны ажлуудыг суурь судалгаа болгон авч судалгааны арга зүйгээ тодорхойлон 13 ердийн даатгалын компаний 2018 оноос 2022 оныг хүртэлх улирал бүрийн санхүүгийн тайлан баланс, орлогын тайлан мэдээлэлд үндэслэн даатгалын салбарын гарцыг илэрхийлэх нийт 12 үзүүлэлтүүдийг хамааран хувьсагчаар авч тогтмол нөлөөллийн загвараар панел үнэлгээ хийсэн. Чанарын судалгааг хийхдээ даатгалын зах зээлд идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй 6 компаний 9 удирдах болон түлхүүр ажилтнуудаас дотоод үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээ зэрэгт хэрхэн нөлөөлсөн болохыг тодорхойлох 10 асуултын хүрээнд фокус бүлгийн ярилцлага хийж үр дүнг нэгтгэсэн.
Тоон шинжилгээний үр дүнд даатгалын салбарын хөгжлийн үзүүлэлтийг илэрхийлж буй нягтшил, гүнзгийрэлт болон гэнэтийн осол, тээврийн хэрэгсэл, жолоочийн хариуцлага гэсэн 3 гол багц бүтээгдэхүүний цэвэр хураамжийн орлогын өсөлтөд цар тахал сөргөөр нөлөөлсөн боловч бусад гарцын гол үзүүлэлтүүд болох ROA, ROE, хөрөнгө, нөхөн төлбөрийн өсөлт, хохирлын харьцаа, нөөц сан гэсэн үзүүлэлтүүдэд сөргөөр нөлөөлөөгүй үр дүн гарсан. Мөн зардлын харьцаа, хос харьцааны дундаж үзүүлэлт ковидын үед өсч, андеррайтингийн ашгийн өсөлтийн дундаж ковидын үед буурсан байна.
Чанарын судалгааны үр дүнд Ковид-19 цар тахал зарим талаараа сөргөөр нөлөөлсөн ч эерэг нөлөөллийг мөн ачирчээ. Судалгаанд оролцогчид цар тахлаас шалтгаалан аяллын даатгал, иргэдийн даатгалын борлуулалт буурч, мөн тээврийн хэрэгсэл, жолоочийн хариуцлагын даатгалын хохирлын тоо болон нөхөн төлбөрийн хэмжээ буурсан гэж үзсэн. Харин харилцагчдын зүгээс Ковидын даатгалаар даатгуулах, хураамж төлөлтөө хойшлуулах хүсэлтүүд ирж байсан ба ихэнх компаниуд Ковидын эрсдэлийн даатгалын бүтээгдэхүүнийг зах зээлд гаргасан боловч богино хугацаанд туршин, бүгд борлуулалтаа зогсоожээ. Цар тахал гарснаар цахим хэлбэрт шилжсэн нь даатгуулагч болон даатгагч аль аль талдаа дижитал хэрэглээнд сургаж, цахим хэрэглээг нэг алхам урагшлуулсан гэж судалгаанд оролцогчид дүгнэсэн боловч нөгөө талдаа ажилтнуудын гүйцэтгэл буурсан тохиолдол байжээ. Харин ажилтнуудын хувьд аливаа цомхотгол хийгдээгүй, цалин урамшууллаа хэвийн олгоод явсан байна.
Цар тахалтай ижил буюу энэ төрлийн шинэ сорилтыг компаниуд хурдтай, эрсдэлгүй даван туулахын тулд эрсдэлийг удирдах “Emergency operation plan” -тай байх ба үүнд санхүү, хүний нөөц, мэдээллийн технологи, нөхөн төлбөр, бүтээгдэхүүн үйлчилгээ зэрэг нэгж хэсгүүдэд тохирох бодлого зохицуулалтыг шинээр гаргаж ажиллахыг зөвлөсөн.