Хураангуй:
Цахим банк нь арилжааны банкуудын хоорондын өрсөлдөөний давуу байдлыг бий болгох, үйл ажиллагааны зардал бууруулах, салбар дээрх ачааллыг бууруулах олон төрлийн ашиг тустай үйлчилгээний суваг болсон төдийгүй сүүлийн жилүүдэд цахим банкны үйлчилгээ эрчимтэй хөгжиж банк хооронд гүйлгээ хийх, гадаад гуйвуулга илгээх, карт захиалах, хадгаламж нээх, зээл авахаас гадна бүх төрлийн хэрэглээний төлбөр, татвар, торгууль төлөх, хувьцаа захиалах зэрэг 70 хүртэлх үйлчилгээг цахим банкаар хийх боломжтой төдийгүй банкны нийт гүйлгээний 80-90 хувийг цахимаар хийх болсон байна.
Иймд цахим банк хэрэглэгчдийн зан төлөвт нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох, ижил төстэй зан төлөв бүхий хэрэглэгч нарыг бүлэглэх, цаашид Монгол Улсын арилжааны банкууд цахим банк хэрэглэгчдийн тоогоо нэмэгдүүлэх болон хадгалахад зориулсан зөвлөмж боловсруулах зорилгоор Хэрэглэгчдийн зан төлөв болон Шийдвэр гаргалтын онолуудыг уншиж танилцсан. Үүнээс цахим банк хэрэглэгчдийн зан төлөвийг судлахад Технологийн хүлээн зөвшөөрөх загвар (Technology acceptance Model) нь хандлага, субьектив хэм хэмжээ, ашиг тус, хялбар байдалд чиглэсэн зан төлөв зорилго тэдгээрийн хүчин зүйлсийн зан төлөвт үзүүлэх нөлөөг загварчилсан байдаг тул Venkatesh & Davis нарын 2000 онд зохиосон “Технологийн хүлээн зөвшөөрөх загвар-2” (TAM2)-ыг ашиглах нь тохиромжтой гэж үзсэн.