Хураангуй:
Сүүлийн жилүүдэд Монгол улсад дотоодын хувь хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулах идэвх нэмэгдэж хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүс их болсон. Энэ нь нэг талаараа хөрөнгө мөнгө өсгөх боломжийг бий болгож байгаач нөгөө талаараа өндөр эрсдэл хүлээж алдагдалд орох магадлалыг нэмэгдүүлж байна. Манай улсын хувьд дотоодын хөрөнгийн зах зээлийн хөгжил тааруу байдаг төдийгүй хөрөнгө оруулагчдын мэдлэг, туршлага хангалттай сайн биш байдаг. Үүний нэг шалтгаан нь дотоодын хувь хөрөнгө оруулагчид өөрсдийнхөө ямар зан төлөвтэй, эрсдэл даах чадамж болон эрсдэлд хандах хандлагын хувьд хэр хэмжээнд байгааг мэдэхгүйгээр хөрөнгийн зах зээлд оролцох явдал юм.
Энэхүү судалгаагаар хувь хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулалтын шийдвэрт нөлөөлдөг зан төлөвийн төөрөгдлүүдийг илрүүлж, санхүүгийн чадамж болон эрсдэлд хандах хандлагыг нь үндэслэн хөрөнгө оруулагчдын төрлийг тодорхойлох зорилготой. Мөн хөрөнгө оруулагчийг төрлөөр нь ангилж тухайн ангилалд тохирох хөрөнгө оруулалтын багцыг санал болгох зөвлөмжийг боловсруулна. Энэ нь тухайн хөрөнгө оруулагчид өндөр эрсдэл хүлээх магадлалыг бууруулах юм.
Уг судалгаанд хөрөнгө оруулагчийг тодорхойлох анкет тестийг олон улсын хөрөнгө оруулалтын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хөрөнгө оруулагчийг тодорхойлох тест болон дотоодын судалгааны ажлуудыг судлан боловсруулж анкет тестийн арга зүйг ашигласан.
Судалгааны хүрээнд хөрөнгө оруулагч, хөрөнгө оруулалт сонирхогчид, арилжаачид болон СЭЗИС-ийн оюутнуудаас бүрдсэн 202 хүнээс анкет тестийн аргаар судалгаа авсан. Үр дүнд нь зан төлөвийн төөрөгдлүүдээс Төлөөллийн гажуудал хандлага (Representativeness bias), Оюун санааны бүртгэлийн гажуудал хандлага (Mental accounting bias), Зангууны гажуудал хандлага (Anchoring bias), Харамсахаас зайлсхийх (Regret aversion bias), Алдахаас зайлсхийх (Loss aversion bias) гажуудал хандлага өндөр илэрсэн. Үүнээс дүгнэхэд дотоодын хувь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад өмнө олж авсан мэдээ мэдээлэл, мэдлэг ойлголт, туршлага нь шийдвэр гаргалтад илүү нөлөөлдөг байна.
Судалгаанд оролцогчдыг эрсдэлийн чадамж (Risk capacity) болон эрсдэлийн хандлагаар (Risk attitude) нь оноо өгч үнэлсэн ба уг 2 үзүүлэлтийн аль бага гарсан оноогоор нь тухайн хөрөнгө оруулагчийн төрлийг тодорхойлж өгсөн. Судалгааны үр дүнд хөрөнгө оруулагчдын ихэнх нь эрсдэлийн чадамж (Risk capacity) дээр өндөр оноотой байсан хэдий ч эрсдэлийн хандлагын (Risk attitude) хувьд оноо нь эрсдэлийн чадамжаас (Risk capacity) доогуур гарсан тул хөрөнгө оруулагчийг тодорхойлоход эрсдэлийн хандлагын (Risk attitude) оноо гол нөлөө үзүүлсэн. Судалгааны ерөнхий үр дүнд “Safety”, “Very сonservative”, “Conservative”, “Moderate” гэх дөрвөн төрлийн хөрөнгө оруулагч илэрсэн.