Хураангуй:
Судалгааны ажлаараа судлагдсан байдлын судалгаа хийж системчлэгдсэн бус буюу хүүрнэл судалгааны тойм бичих арга зүйд суурилан, байгууллагын хүрээн дэх нейроэтик, нейро ёс суртахууны чиглэлийн асуудлуудад төвлөрч хийгдсэн судалгаануудыг судалж, сэдэвчилсэн судлагдсан байдлын судалгаа хийж, дүгнэлт гарган, цаашид судлагдсан байдлын судалгаа, нейро шинжлэх ухааны энэ чиглэлийн туршилтын болон эмпирик судалгаа хийх судлаачдад онол, арга зүйн үүднээс санал зөвлөмж боловсруулах нь судалгааны зорилго тавьсан. Дээрх зорилгын хүрээнд судлагдсан байдлын судалгаа гэж юуг хэлэх талаар онолын ойлголт, гүйцэтгэх арга зүй, судлагдсан байдлын судалгааны төрөл, нейро шинжлэх ухааныг ашиглан хүний ёс суртахуун болон ёс зүйн асуудлыг нарийвчлан судалж, тэдгээрт нөлөөлж буй хүчин зүйлс, мөн ёс суртахууны асуудал нь байгууллагын хэмжээнд ямар нөлөө үзүүлж байгааг анагаах ухааны багаж, хэрэгслүүдийг ашиглан судалсан судалгааны ажлуудыг судлан, тойм бичиж, дүгнэлт гарган, санал зөвлөмж өгөх зорилтууд дэвшүүлсэн. Ёс суртахууны шийдвэр гаргалт нь дан ганц танин мэдэхүйн үйл явцаар хэмжигдэхээ больж сэтгэл хөдлөл илүү давамгайлах болсон бөгөөд танин мэдэхүйн болон сэтгэл хөдлөлийн хос үйл явцыг хэр удирдаж чадсанаас ёс суртахуунтай, сайн үр дагавар бүхий шийдвэр гаргаж чаддаг. Ёс суртахууны шийдвэр гаргалтад эмпати буюу бусдын оронд өөрийгөө тавих чадвар, бусдыг энэрэх сэтгэл нь чухал нөлөөтэй бөгөөд эмпатик байдал өндөртэй хүмүүсийн өгөөмөр сэтгэл нь нийгмийн харилцаа холбоог бэхжүүлэхэд чухал үүрэгтэй байсан. Түүнчлэн хүмүүс аливаа шийдвэр гаргахад ухамсаргүй оюун санаа нь түрүүлж ажилладаг бөгөөд ухамсартай сэтгэсэн бодлын цаана ухамсаргүй бодол нь түрүүлж шийдвэр гаргасан байдаг бөгөөд өөрийгөө хянах өндөр чадвар нь ёс суртахууны шийдвэр гаргалтад нөлөөлдөг бөгөөд аливаа нөхцөл байдалд дасан зохицох чадварыг нэмэгдүүлдэг хэдий ч сэтгэл хөдлөлийг бууруулдаг байна. Ёс суртахууны шийдвэр гаргалтад нөлөөлөх тархины идэвхжилийг EEG, fMRI болон бусад хэмжигч багаж ашиглан судлахад тархины PFC, DLPFC, VPFC, OFC зэрэг бүсүүд илүү их идэвхжиж байгааг харуулсан бол тархины VMPFC-ийн гэмтэл нь хүний ёс суртахуунлаг чанарыг бууруулж, ашигтай болон аюулгүй шийдвэр гаргах чадварт сөрөг нөлөө үзүүлдэг болохыг тогтоожээ.