Хураангуй:
Судлагдсан байдлын тойм гэдэг нь тодорхой сэдвээр хийгдсэн эрдэм шинжилгээний эх сурвалжуудын судалгаа юм. Ингэснээрээ анхдагч байх буюу хэний ч хийгээгүй судалгааг хийх боломж болон сорилтыг олгодгоороо бусад судалгааны төрлүүдээс ялгаатай.
Иймээс Монголд төдийгүй олон улсад шинэ сэдэв болох нейроменежментийн тухай ойлголтыг сонгон авч, магистрын зэрэг горилсон судалгааны ажлаа судлагдсан байдлын тойм хэлбэрээр бичлээ.
Бүлэг 1-т судлагдсан байдлын тойм гэж юу болох, түүний төрлүүд, арга аргачлалын тухай судалсан бол Бүлэг 2-т үндсэн сэдвийн хүрээнд стресс гэж юу болох, тархины шинжлэх ухаанд стрессийг хэрхэн удирдах тухай ойлголт, аргууд, стресс менежментийн интервенцүүдийг судалсан ба ажлын байран дээрх стрессийг хэрхэн удирдах боломжтойг, мөн стресс нь зүрх судасны өвчлөлд хэрхэн нөлөөлж, эрсдэл учруулж буйг тус тус судаллаа.
Тархи судлалын шинжлэх ухаанд стресс, түүний нөлөөлөл, стрессийг хэрхэн удирдах тухай асуудлаар хийгдсэн судалгаануудыг олж судлан, тэдгээрээс хамгийн оновчтой туршигдсан судалгааны агуулгуудыг түүвэрлэн нэгтгэж, системчилсэн бус судлагдсан байдлын тойм хийж гүйцэтгэсэн болно.