Хураангуй:
Байгууллагын соёлын талаарх онолын судалгааны хүрээг Тархи судлалын шинжлэх ухааны салбарт бий болж байгаа ололт, мэдлэгт суурилан өргөжүүлэх чиглэлд онолын судалгааг хийх СЭЗИС-ийн Хүний зан төлөв, нейро судалгааны багийн чиглэл, саналын дагуу онолын судалгааг хийж гүйцэтгэсэн.
Энэхүү судлагдсан байдлын тоймын хүрээнд тархи судлалын шинжлэх ухааны ололтууд болон байгууллагын соёл хоорондын харилцан хамаарлыг судалсан бүтээлүүдийг судлан, тэдгээрээс хамгийн ололттой, туршигдсан, практик хэрэглээ өндөр гэж үзсэн агуулгыг түүвэрлэн нэгтгэж, системчилсэн бус хүүрнэл судлагдсан байдлын тоймыг хийж гүйцэтгэх зорилоо.
Байгууллагын соёл байнгын өөрчлөгдөж байхын зэрэгцээ хүний тархи мэдрэл, дотоод зохицуулгын үйл ажиллагаа тогтмол өрнөж, тархи үргэлж аливаад суралцах чиглэлд ажиллаж байдаг байна. Тиймээс тархи судлалын шинжлэх ухааны ололтуудыг ашиглан ажилтнуудын зан төлөвийг хувь хүний болон бүлэг, дэд бүлгийн хэмжээнд тодорхойлох, нөлөөлөх, өөрчлөх арга хэмжээг хэрэгжүүлэх бүрэн боломжтой байна. Үүний тулд цаашид тодорхой цаг хугацаанд байгууллагын/бүлгийн хэмжээнд давамгай байдлаар илэрч байгаа хариу үйлдэл үзүүлэх байдлын хэв шинж, өөрийн талаар, мөн гадаад ертөнц, бусдын талаар үүсгэсэн нийтлэг хэвшмэл ойлголтууд болон сэтгэл хөдлөлийн төрөл, динамик шинж чанарыг тодорхойлох, хэмжих, үнэлэх, дүгнэх арга аргачлалын цаашид илүү нарийвчлан судлах, нэвтрүүлэх шаардлагатай. Үүний үр дүнд зөвхөн байгууллагын соёлын өөрчлөлтийн хэрэгцээ шаардлага, ажиллах ёстой талбаруудыг илүү нарийвчлалтай, үнэн зөв тодорхойлохоос гадна өөрчлөлтийн үр дүнг тогтвортой хадгалах, байгууллагын бодлого, үйл ажиллагаатай илүү уялдуулан тасралтгүй өөрчлөлт сайржуулалт хийх боломж бүрдэнэ гэж үзэж байна.