dc.description.abstract |
Олон улсад хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ өргөнөөр ашиглагдаж, сүүлийн үед улам бүр өргөжин тэлсээр байгаа атал Монголын хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа нь дутмаг байна. Үүнийг харгалзан үзээд зөвлөх үйлчилгээний финтек шийдэл болох Робо-зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх боломжийг эрэлхийлж, тус үйлчилгээний олон улсын практик, Монголд хөгжүүлэх макро орчны хүчин зүйлсийг хамруулан, боломжийг тодорхойлохоор энэхүү судалгааг хийж гүйцэтгэлээ.
Одоогоор манай улсын хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл бүхий 19 компани байгаа ч Робо-зөвлөх үйлчилгээг хараахан нэвтрүүлээгүй байна. Олон улсад энэ үйлчилгээг уламжлалт хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ үзүүлэгчид болон технологи дээр суурилсан финтек компаниудын аль аль нь нэвтрүүлсэн бөгөөд жил ирэх тусам хэрэглэгчийн тоо болон удирдаж байгаа хөрөнгийн хэмжээ нэмэгдсээр байна. Тэдний үндсэн үйлчилгээ нь пассив индексээс бүрдүүлсэн стратеги хэрэгжүүлж, төрөл бүрийн багцыг санал болгодгоос гадна тодорхой хугацаанд автоматаар дахин тэнцвэржүүлж байдаг.
Хамгийн анхны Робо-зөвлөх үйлчилгээг нэвтрүүлэгч болох Бэттэрмэнт нь бүрэн автоматжсан хөрөнгө оруулалтын зөвлөгөөг өгдөг бөгөөд хөрөнгийн доод хэмжээ шаарддаггүй, мөн хамгийн олон төрлийн багцыг санал болгодгоороо онцлог юм. Харин Вангуардын хувьд уламжлалт хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээтэй Робо-зөвлөх үйлчилгээг хослуулсан байдлаар харилцагчдад санал болгож, үйл ажиллагааны процессоо хялбарчилсан байна.
Монголын хөрөнгийн зах зээлд Робо-зөвлөх үйлчилгээг хөгжүүлэхэд макро орчны нөлөөлөх хүчин зүйлсийг судалсан бөгөөд 2030 он гэхэд тус үйлчилгээг нэвтрүүлсэн байхаар Засгийн газрын зорилтууд тусгасан байлаа. Мөн иргэдийн технологийн хэрэглээ нэмэгдэж, хөрөнгө оруулах сонирхол ихэссэн тул Робо-зөвлөхийг хөгжүүлэхэд улс төр, эдийн засаг, социологи, технологи, хууль эрх зүй, экологийн орчин бүрдсэн бөгөөд ямар нэгэн сөрөг хүчин зүйлс байхгүй гэж үзсэн. Иймээс боломжит шийдлийг санал болгож, үүсэх боломжууд, тулгарах сорилтуудыг тодорхойллоо. |
en_US |