dc.description.abstract |
Дэлхий нийтэд тохиож буй байгалийн гамшиг, аюулт үзэгдлийн тоо, давтамж жил ирэх тусам улам бүр нэмэгдэж байгаа бөгөөд үүнээс үүдэх эдийн засаг, санхүүгийн алдагдлын хэмжээ ч мөн нэмэгдэж байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эдгээр эрсдэл нь улс орон бүрт тодорхой хэмжээгээр сөрөг үр нөлөөг үзүүлж байгаа билээ. Иймд дэлхий нийтээр ногоон санхүүжилт нь санхүүгийн зах зээлээр дамжуулан байгаль орчноо хамгаалах, тогтвортой хөгжлийг бүрдүүлэх чухал гарц болж буйг хүлээн зөвшөөрч улс орон бүр бизнес төслүүдэд ашиглаж байна. Хүн төрөлхтний дунд сүүлийн үед хамгийн их яригдаж буй сэдэв бол тогтвортой хөгжил болон экологийн тэнцвэрт байдал юм. Олон улс орнууд тогтвортой хөгжлийг нэн тэргүүний зорилтоо болгон “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ыг батлан хэрэгжүүлж байна. Уг тогтвортой хөгжил, тогтвортой санхүүжилтийн нэг үндсэн зорилт нь байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг бий болгох, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэж буй эрсдэлийг бууруулахад чиглэсэн ногоон санхүүжилт тэр дундаа ногоон бондыг зах зээлд нэвтрүүлэх болж байна. Энэхүү судалгааны ажлаар ногоон бондын санхүүжилтийн олон улс дахь онол аргазүйн судалгаа, өнөөгийн байдлын шинжилгээг хийж, уг бондын санхүүжилтийн талаарх мэдээллийг шинэчлэн боловсруулж, дотоодын ногоон санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахыг зорьлоо. Ногоон бондын санхүүжилтийн онцлог шинж, олон улсын өнөөгийн байдал болоод Монгол улс дахь ногоон бондын зах зээлийн өнөөгийн байдлыг судалж олон улсын хамгийн сайн кейс судалгаанд үндэслэн ногоон бондыг амжилттай гаргахад нөлөөлөгч хүчин зүйлс, эрсдэл болон боломжийг тодорхойлсон. Судалгааны үр дүнд тус бондыг амжилттай арилжаалснаар тогтвортой ногоон төсөл хөтөлбөрүүд, бизнес эрхлэгчдийг дэмжих, ногоон бондын хувьд нийгэм, эдийн засаг, байгаль орчинд олон төрлийн эдийн засгийн үр өгөөжийг бий болгох боломжтой байна. |
en_US |