Хураангуй:
Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор бүх салбарт сөрөг нөлөөлөл үзүүлж эдийн засаг болон нийгмийг хамарсан хямралын нөхцөл байдалд банкны салбарын ковид цар тахлын үеийн нөлөөллийг судлах түүнд гарсан өөрчлөлтөнд дүн шинжилгээ хийх нь энэхүү судалгааны ажлыг хийх үндэслэл болсон.
Монгол банкнаас олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд МУ-д өнөөдрийн байдлаар үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа арилжааны 12 банкны үндсэн үйл ажиллагаа болон санхүүгийн голлох үзүүлэлтүүдэд ковид-19 цар тахал нь хэрхэн нөлөөлснийг тоон ба чанарын судалгааны аргазүйг ашиглаж тодорхойлсон болно.
Энэхүү судалгааны ажлын аргазүйг сонгохдоо гадаад, дотоодод судлагдсан судалгааны ажлуудтай танилцаж өөрсдийн судалгааны ажилд хэрэгтэй 23 хувьсагчуудыг сонгон авч Монгол банк болон арилжааны банкнуудын санхүүгийн тайлан мэдээнээс сүүлийн 6 жил буюу 23 улирлын хугацааны өгөгдөл цуглуулан дата мэдээллийг Eviews программаар нэгтгэн, мэдээллийг харьцаа, корреляци, дундаж бодох, харьцуулах, нөлөөлөгч хүчин зүйлийн шинжилгээ хийх зэргээр хоёрдогч шинжилгээг хийж гүйцэтгэсэн. Судалгааны үр дүнгээс харахад судалгаанд сонгосон үзүүлэлтүүд нь банкны тогтвортой байдлын үзүүлэлтүүдэд 1-3 нэгж хугацааны дараа нөлөөлдөг болох нь батлагдсан. МБ-ны зүгээс авч хэрэгжүүлсэн 2 үзүүлэлт нь Тогтвортой байдлын 3 үзүүлэлтэнд зөвхөн нөлөөтэй байсан.
Мөн чанарын судалгааны хувьд ярилцлагын аргыг ашиглан, Ковид-19 цар тахал нь банкны салбарт хэрхэн нөлөөлсөн, тус нөлөөллийн сөрөг болон эерэг үр дагавар үүсгэсэн байж болох талаар арилжааны банкны удирдах албан тушаалтан, ахлах ажилтнуудаас фокус бүлгийн ярилцлага хийж, үр дүнг нэгтгэн харуулсан. Чанарын судалгааны үр дүнгээс дурдахад Ковид-19 цар тахал нь банкны салбарт санхүүгийн үзүүлэлт, зээлийн багцын хувьд хүндээр нөлөөлсөн хэдий ч нөгөө талдаа банкны зарим бүтээгдэхүүн үйлчилгээ болох онлайн банк, цахим хэрэглэгчийн тоог хурдацтай нэмэгдүүлж, банкаар үйлчлүүлэх харилцагчийн тоог бууруулан, бэлэн гүйлгээний тоог бууруулах, улмаар ажлын ачааллыг багасгаж чадсан байна. Мөн банкны ажилчдад зайнаас ажиллах боломжит давуу талыг бий болгож өгсөн.