Хураангуй:
Төрийн салбар нь мэдээллийн технологийг ашиглан цахим өөрчлөлтийг хийснээр гэдэг нь харилцагч талуудтай ажиллах, үйлчилгээ үзүүлэх шинэ тогтолцоог бий болгох, харилцааны шинэ хэлбэрийг бий болгох арга замуудыг үүсгэх (European Commission, 2013) бөгөөд улс орнууд өөрчлөлтийн олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа ч бүтэлгүйтлийн хувь өндөр (Ashraf et al., 2010; Xanthopoulou & Plimakis, 2021) байна.
Мэдээллийн технологи нь байгууллагын элементүүд болон хүмүүс, бүтэц, процесс, байгууллагын соёл гэсэн дотоод орчны элементүүдтэй тэгш хамааралтай хувьсагч (Nograšek & Vintar, 2014), байгууллагын нөөцүүдийн нэг болдог тул түүнийг үр дүнтэй удирдах явдал нэн чухал. Үр дүн, үр ашгийг хэмжих зорилгоор ашиглаж буй технологид суурилсан мэдээллийн системүүдийн чанар, түүний ажиллагаа, удирдлага, засаглалыг үнэлэх гол арга хэрэглүүр нь мэдээллийн технологийн аудит бөгөөд мэдээллийн технологийн аудитын арга зүйг ашиглан байгууллагын мэдээллийн технологийн дэд бүтэц, мэдээллийн ашиглалт, хамгаалалт, аюулгүй байдал, удирдлага, бодлого, журам, процессыг хүлээн зөвшөөрөгдсөн стандарт, тодорхойлогдсон аргачлалын дагуу шалгаж, үнэлэх үйл явцыг хэрэгжүүлснээр дээр дурдсан тулгамдсан асуудлууд, технологиудын нийцэлгүй, уялдаа холбоогүй байдлыг бууруулах боломжтой.
Энэхүү судалгааны ажлын хүрээнд харьяа байгууллагуудыг бодлого, чиглэлээр хангах үүрэг бүхий төсвийн ерөнхийлөн захирагч 21 байгууллагын удирдлага, мэдээллийн технологийн удирдлагуудаас асуулгын аргаар өгөгдөл цуглуулан, боловсруулалт хийж, мэдээллийн технологийн аудитын эрсдэлтэй асуудлыг тодорхойлох, сайжруулалтын зөвлөмж боловсруулав.
Судалгааны асуумжийг Аудитын дээд байгууллагуудын олон улсын байгууллага INTOSAI-ын салбар зөвлөл болох WGITA-аас гишүүн орнуудыг мэдээллийн технологийн аудитын чиглэлээр чадавхжуулах, арга аргачлалаар хангах зорилгоор боловсруулж гаргадаг мэдээллийн технологийн аудитын стандарт, гарын авлагад түшиглэн боловсрууллаа.
Судалгааны үр дүнд судалгааны объект болох төсвийн ерөнхийлөн захирагч байгууллагууд нь мэдээллийн технологийн удирдлагын ойлголтуудыг бүрэн хэрэгжүүлж ажиллахгүй байгаа тул судлаачийн зүгээс олон улсын стандарт, фрэймворк ашиглан мэдээллийн технологийн менежментийн арга зүйг нутагшуулах, дотоод аудитын тогтолцоог ашиглан үр дүнг үнэлж хэмжих ерөнхий зөвлөмжийг санал болгож байна. Судалгааны асуулгын бүлэг бүрээр боловсруулсан зөвлөмжийг үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломжтой.