Хураангуй:
Сүүлийн үед Монгол улсад бүтээн байгуулалтын томоохон төслүүд нэлээд
хэрэгжих болсноос гадна “Төрөөс баримтлах барилгын салбарын бодлого”-ын баримт
бичигт EPC гэрээний хэрэгжилтийг 2029 он гэхэд 66 хувьд хүргэх зорилтыг
дэвшүүлсэн зэрэг нь энэхүү ФИДИК буюу Олон улсын зөвлөх инженерүүдийн
холбооноос гаргасан олон улсын жишиг гэрээнүүдийн талаар судлах, түүнийг
Монголын хууль тогтоомжид нийцүүлэн хэрэглэх практик зөвлөмж боловсруулах
зайлшгүй хэрэгцээ байгааг харуулах болсон. Түүнчлэн бүтээн байгуулалтын томоохон
төслүүд нь их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг бөгөөд цаг хугацаа ч нэлээдгүй
зарцуулдаг учраас санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх асуудал тулгамддаг. Иймээс
төслийн санхүүжүүлэгч нь олон улсын хөгжлийн банк эсхүл гадаадын хөрөнгө оруулагч
нар байх тохиолдол түгээмэл бөгөөд санхүүжүүлэгчдийн зүгээс ФИДИК-ийн гэрээг
хэрэглэх шаардлага тавьдаг бол бидний тухайд уг гэрээний талаарх ойлголт хомс,
практик дутмагаас шалтгаалан гэрээний мөн чанар, эрсдэлийн хуваарилалт, үүргийн
матрицыг гүйцэд ойлгоогүйгээс төсөл амжилтгүй болох, үүнээс улбаалан санхүүгийн
өндөр эрсдэлд өртөх магадлал тун их байдаг.
Иймд энэхүү судалгааны ажлаараа EPC гэрээний төлбөрийн нөхцөлийн онцлог,
гэрээний эрсдэлийн хуваарилалттай хэрхэн уялдаж байгааг судлан, дотоодын хууль
тогтоомжтой харьцуулах замаар уг гэрээг хэрэглэх хэн бүхэнд практик зөвлөмж
боловсруулахыг зорьсон.