Хураангуй:
Монгол Улсын Үндсэн хуульд “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, төр нь хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заажээ. Эрүүгийн хуулийн тусгай ангид заагдсан гэмт хэргийн улмаас иргэн болон хуулийн этгээдэд учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлоо эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд хохирогч болон гуравдагч этгээдээс иргэний нэхэмжлэл гаргах замаар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шат болон шүүхийн шатанд өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэх, барагдуулах, хөндөгдсөн эрхээ сэргээлгэхээр иргэний нэхэмжлэл гаргахад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, өөрийн судалгааны ажилд тулгуурлан дүгнэлт саналыг боловсруулсан.
Уг судалгааны ажилд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь иргэний нэхэмжлэгчийн эрх зүйн байдал, иргэний нэхэмжлэлийг шалган тогтоох, хянан шийдвэрлэх, хэрэгжүүлэх үе шат бүрд тулгардаг хүндрэл бэрхшээлийг тодорхойлж мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шалгаж тогтоох, хянан шийдвэрлэх, хохирлын хэмжээг тогтоох аргачлалын тухай авч үзсэн ба эрүүгийн хэрэгт гаргаж буй иргэний нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар бус эрүүгийн хэрэгтээ нэг мөр шийдвэрлэх арга зам байгаа эсэх мөн цаашид анхаарах асуудлуудыг тодорхойлоход чиглэсэн. Хохирол тогтоох тухайд манай улсын өнөөгийн практикт бодит байдлаар учирсан хохирлыг л нөхөн төлж барагдуулдаг ба харин гадаад улсуудын туршлагыг судлан үзвэл сэтгэл санааны хохирол нь эдийн болон эдийн бус хохирлоос үүдэн гардаг гэж үзээд тэрхүү хохирлын үүссэн нөхцөл байдлаас нь хамааран хохирлыг учирсан хэлбэр, цаашид үргэлжлэх хугацаа, хэвийн байдалдаа эргэж орох боломжтой эсэх, эмгэгийн илрэх давтамж зэргээс хамааруулан шатлал тогтоож түүндээ үндэслэн үнэлгээ тогтоох замаар хохирлыг барагдуулдаг үүнийг манай улсын хүрээнд хэрэгжүүлэх боломжтой эсэх зэргийг өөрийн судалгааны ажилд үндэслэн дүгнэлт саналыг дэвшүүлсэн болно.