dc.description.abstract |
Аливаа улсын эдийн засгийн өсөлт, ДНБ-ний өсөлтөд экспортын орлого гол нөлөө үзүүлэх хүчин зүйл байдаг. Манай улсын хувьд 2014 оноос эхлэн экспортын орлого нэмэгдэж, гадаад худалдааны тэнцэл ашигтай гарч эхэлсэн. Гэвч манай улсын экспорт уул уурхайн хэт төвлөрөлтэй буюу нийт экспортын 90 гаруй хувийг уул уурхайн экспорт эзэлж байна. Иймд, экспортын төрөлжилтөнд анхаарч, уул уурхайн бус экспортыг дэмжсэн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлэх арга замыг эрэлхийлэх шаардлагатай байгаа билээ.
Монголын арилжааны банкуудын хувьд гадаад худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжихэд зориулсан гадаад худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлсээр ирсэн. Үүнээс өргөн ашиглагддаг бүтээгдэхүүн, үйлчилгээнд аккредитив, баталгаа, инкассын хэрэгслүүд багтаж байна. Гэвч энэхүү бүтээгдэхүүн, үйлчилгээг гадаад улсаас бараа бүтээгдэхүүн импортлоход түлхүү ашиглаж байгаа бөгөөд Монголоос бараа бүтээгдэхүүнээ экспортлоход ашиглах нь харьцангуй бага байна.
Иймд, миний бие энэхүү судалгааны ажлын хүрээнд экспортлогч компаниудад гадаад худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээг ашигласнаар үүсч болох давуу тал, энэхүү бүтээгдэхүүнийг ашиглаж экспортын санхүүжилт авах ямар боломж байгааг судлахыг зорьсон юм. Уг судалгааны хүрээнд стратегийн чухал ач холбогдолтой, уул уурхайн бус экспортын салбар болох ноолууран бүтээгдэхүүн экспортлогч компаниудаас худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээний ашиглалт болон экспортын санхүүжилтийн эрэлт хэрэгцээний талаар анкетийн аргаар судалгаа авсан болно.
Судалгааны үр дүнд экспортлогч компаниуд гадаад худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн үйлчилгээг үйл ажиллагаандаа ашиглаж хэвшээгүй, тус бүтээгдэхүүний талаар мэдлэг, мэдээлэл дутмаг байгаа байгаа нь харагдаж байна.
Мөн экспортлогч компаниуд бараа, бүтээгдэхүүнээ дараа төлбөрийн нөхцөлтэй худалдаалах үед эргэлтийн хөрөнгийн дутагдалд ордог бөгөөд Монголын арилжааны банкуудаас экспортын санхүүжилт авах эрэлт хэрэгцээ өндөр байгаа нь судалгаанаас харагдсан.
Иймд, судалгааны үр дүнд үндэслэн гадаад худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүнийг ашиглан экспортын санхүүжилт авах боломжийг судлан, санал зөвлөмж хүргүүлсэн. |
en_US |