Хураангуй:
2020 болон 2021 он бол Дэлхийн II дайнаас хойш үзэгдээгүй эдийн засгийн томоохон хямрал дэлхий нийтэд нүүрлэсэн он жилүүд болж, улс орон болгон халдварт өвчинтэй тэмцэхийн зэрэгцээ эдийн засгийн хүндрэлийн нөлөөллийг бууруулж, ажлын байраа хадгалж, өрхийн орлогыг дэмжихийн тулд бэлэн мөнгө хүртэл тарааж байв. Манай улсын хувьд энэхүү эдийн засгийн хүндрэлийг даван туулах зорилгоор НДШ-ийг тэглэж, ипотекийн зээл төлөлтийг хойшлуулж, хэрэглээний ус, цахилгаан, дулааны үнийг төрөөс даах зэрэг арга хэмжээ хэрэгжүүлсэн.
Монгол Улсын Хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ анх удаа ₮5.8 их наядад хүрсэн бөгөөд энэхүү дүн нь өмнөх оноос хоёр дахин тэлсэн үзүүлэлт юм. Мөн дотоодын хөрөнгийн зах зээлийн цар хүрээ, чиг хандлагыг тодорхойлогч ТОП-20 индекс л гэхэд 49,252 нэгжид хүрсэн нь өнгөрсөн оноос 121%-иар өссөн үзүүлэлт болов.
Энэхүү судалгааны гол зорилго нь эдийн засгийг дэмжих зорилгоор хэрэгжүүлсэн бодлогын арга хэрэгслүүд хөрөнгийн зах зээлд хэрхэн нөлөөлж буйг фокус бүлгийн ярилцлагын аргаар болон экономитрекийн ECM (Error correction model) загвараар үнэлэв.