Хураангуй:
Манай улсын хувьд судалгаанд цөөхөн арга зүй хэрэглэдэг тул нэг талаар үр дүнгээ баталж, нотолж чадахгүй, баталж чадахгүй, нөгөөтээгүүр орчин үеийн тодорхой, шинэлэг судалгааны аргуудыг олж хэрэглэх тал учир дутагдалтай байгааг МУИС-ийн ШУС-ийн зөвлөх профессор Н.Оюунцэцэг судалгааны ажилдаа дурдсан байдаг. Мөн вариацын шинжилгээний аргазүйг ашиглан бүх салбарт судалгаа хийх явдал олон улсад нийтлэг хэдий ч манай оронд хэрэглээ харьцангуй цөөн байгаа нь асуудал болсоор байна. Энэхүү судалгааны ажлын хүрээнд олон чиглэлт олон хувьсагчийн вариац, ковариацын шинжилгээний төрлүүд хоорондын ялгаа, онцлог давуу талуудыг онолын болон эмпирик судалгаанд тулгуурлан тодорхойлж, онол аргазүйг судалж, эзэмшин, тус арга зүйг ашиглан цалинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлсон болно. Вариацын шинжилгээ нь дотроо олон чиглэлт, олон хувьсагчийн вариац, ковариацын шинжилгээ гэх мэт олон төрлүүдтэй бөгөөд эдгээр төрлүүд дотроос MANCOVA буюу олон хувьсагчийн ковариацын шинжилгээ нь статистикийн хувьд найдвартай, үнэн бодитой үр дүнг харуулдаг хамгийн сайн арга зүй байсан. Эмпирик шинжилгээг хийхдээ судлагдсан байдалд тулгуурлан боловсролын түвшин, гэрлэлтийн байдал, байршил, эдийн засгийн үйл ажиллагааны салбар, хүйс гэх зэрэг хувьсагчдыг сонгон үнэлж, дүгнэсэн. Судалгааны үр дүнд тайлбарлагч хувьсагчдаар сонгосон дээрх бүх хувьсагчид статистик ач холбогдолтой буюу цалинд нөлөөлж, түүний хэлбэлзлийг тайлбарлаж байсан нь өмнөх судалгааны ажлуудын үр дүнтэй нийцтэй гарсан.