Хураангуй:
Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 16-д Монгол
улсын иргэн “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно” гэж заасан. Тайван жагсаал, цуглаан хийх нь иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх нэгэн арга бөгөөд “тайван” хэмээн тодотгосон нь иргэд үзэл бодлоо илэрхийлэхдээ нийгмийн хэв журмыг баримтлан бусдын эрүүл мэнд, өмч хөрөнгөд хохирол учруулахгүй, хүчирхийлэл, халдлага үйлдэхгүй байхыг илэрхийлжээ. Үүнийг хангахын тулд тодорхой дэг журмыг тодорхойлох шаардлага тулгарна. Монгол улсын хувьд Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулиар жагсаал, цуглаан хийх газар, зохион байгуулагч түүний үүрэг, оролцогчийн үүрэг, жагсаал, цуглааны бүртгэлийг зохицуулсан. Жагсаал, цуглааны бүртгэл нь 1994 онд Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль батлагдсанаар уг хуулиар зохицуулагдаж эхэлсэн ч энэ нь иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчиж буй тохиолдлууд гарсаар байна. Тиймд уг асуудлыг хууль эрх зүйн үүднээс зохицуулахын тулд жагсаал, цуглааны бүртгэлийг судлах шаардлага байх ба уг судалгааны илтгэлд жагсаал, цуглааны бүртгэлийн эрх зүйн зохицуулалтад тулгамдаж буй асуудлууд болон түүнийг шийдвэрлэх арга замын талаар тусгав.