Хураангуй:
Энэхүү судалгаанд банкнуудын нэгдэн нийлэлт нь салбартаа хэрхэн нөлөөлдгийг судлан ямар банкнуудын нэгдэн нийлэлт салбарын хувьд хамгийн үр ашигтайг судалсан болно. Ингэхдээ, банкнуудын нэгдэлт нийлэлтийн өмнөх ба хойно гарсан банкны салбарын төвлөрөл болон үр ашгийн үзүүлэлтүүдийн өөрчлөлтийг шинжлэх байдлаар судалсан билээ. Судалгаанд Монголын банкны зах зээлийн 2010-2021 онуудад үйл ажиллагаа явуулж байгаа болон үйл ажиллагаагаа зогсоосон банкнуудын баланс, орлогын тайлангийн үзүүлэлтүүдийг ашиглан олон янзын төвлөрөлийн харьцаанууд ба CAMEL шинжилгээг хийж дүгнэлт, санал зөвлөмж боловсрууллаа. Манай улсад 2010-2021 онуудад нийт 6-н банк оролцсон 3-н нэгдэлт нийлэлт болсон бөгөөд эдгээрээс салбарын хувьд хамгийн үр ашигтай хувилбар байж болох нь системийн жижиг банкнуудын нэгдэлт гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Ийм нэгдэлт нь манай улсад том банкнуудаасаа харьцангуй бага өөрийн хөрөнгийн хүрэлцээтэй байгаа жижиг банкнуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээний хэмжээг нэмэгдүүлж, салбарын өндөр төвлөрөлийн өсөлтийг сааруулж, салбарын ашигт ажиллагаа, удирдлагын чанар, хөрөнгийн чанар болон капиталын хүрэлцээт байдлын үзүүлэлтүүдэд нэгэн зэрэг эерэг нөлөөлж байгаа юм.