Хураангуй:
Монгол улсын нийт гадаад өр 2015 оны байдлаар 22.7 тэрбум доллар байсан ба үүний 16% буюу 3.7 тэрбум доллар засгийн газрын өр эзэлж байв. Харин 2021 оны байдлаар улсын нийт гадаад мөн үеэс 45% аар өсөж 33.1, засгийн газрын өр 2.2 дахин өсөж 8.4 тэрбум доллар болов. АНУ-ийн үндэсний хөрөнгө оруулалтын
“Goldman Sachs” банкны эдийн засагчид 2022 онд Монгол улсыг өрийн дарамтад орж
болзошгүй орнуудын жагсаалтад оруулав. Үүнээс харахад манай улсын гадаад өр нь
макро эдийн засгийн орчинд эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэж байгааг харуулж байна.
Монгол улсын засгийн газрын гадаад өр нь эдийн засгийн өсөлтөд урт болон богино
хугацаанд хэрхэн нөлөөлөх талаар өнөөгийн болон өнгөрсөн нөхцөл байдалд
тулгуурлаж шинжлэн судалснаар өрийн зохистой харьцааг тодорхойлж, дүгнэлт, санал зөвлөмжийг боловсруулахад энэхүү судалгааны зорилго оршино.
Судлаачийн зүгээс Монгол улсын засгийн газрын гадаад өр нь эдийн засгийн өсөлтөд
сөргөөр нөлөөлөх ба бүр цаашлаад эдийн засагт дарамт үүсгэх магадлалтай хэмээн
таамаглаж байна. Эмпирик шинжилгээний хүрээнд 2000-2021 оны хугацааны цуваан
өгөгдөл дээр тулгуурлан Солоугийн өсөлтийн загвар болон хожимдолтой алдаа
засварлах загвараар тус тусад нь шинжилгээг хийлээ. Үүний үр дүнгээс харахад засгийн газрын гадаад өрийн нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 52% байхад эдийн засгийг хамгийн ихээр дэмжих бөгөөд энэ харьцаа 105%-иас хэтэрсэн тохиолдолд эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй ба эдийн засагт гадаад өр дарамт учруулах нөхцөлийг бий болгоно гэж үзэж байна.