dc.description.abstract |
Иргэдийн хөрөнгө оруулах хандлагад өөрчлөлт гарч, хөрөнгийн зах зээл хурдацтай хөгжиж буй өнөө үед хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахдаа судалгаатай үндэслэлтэй хандах нь цөөн. Хөрөнгө оруулах гэж буй компани нь зах зээл дээр багаар эсвэл өндрөөр үнэлэгдсэн байгааг мэдэхгүйгээр хөрөнгө оруулалт хийхдээ алдаатай шийдвэр гаргах боломж өндөр байдаг. Гэхдээ тухайн хувьцааг бодит үнэ цэнээс өндрөөр эсвэл багаар үнэлэгдсэн байгаа эсэхийг үнэлгээний зохистой арга зүй ашиглан тогтоож, хөрөнгө оруулагчдад зөв санал зөвлөмж өгч чадвал зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн хуулийн дагуу зах зээлийн үнэ цэнийг нь бодит үнэ цэн рүү нь чиглүүлж өгөх ба үнэлгээ хийдэг шинжээчид олон болсноор хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын алдаатай шийдвэр бага гаргах болно. Тийм учраас стандартад нийцсэн үнэлгээ хийхийг миний бие зорьсон бөгөөд сүүлийн үед өрсөлдөөн ихтэй ББСБ-ын салбарт тэргүүлж, гадаад зах зээл рүү тэлэх стратегитэй ажиллаж байгаа “Инвескор ББСБ” ХК-ийг үнэлж хөрөнгө оруулагчдад дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулалтын шийдвэрээ үндэслэлтэй, судалгаатай гаргахад нь туслах үүднээс энэхүү судалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ. “Инвескор ББСБ” ХК-ийн үнэлгээг хийхдээ мөнгөн урсгал хоргодуулалтын загвар болон харьцангуй үнэлгээний загварыг 70:30 харьцаатайгаар хувийн жин өгч үнэлэхэд компанийн 12 сарын дараах нэгж хувьцааны зорилтот үнэ нь ₮5096.9 гарч байгаа бөгөөд энэ нь 2022 оны 05 сарын 31 өдрийн хаалтын ханшаас 21.4% өндөр байгаа юм.
Инвескор ББСБ-ын 12 сарын зорилтот үнийн өсөлт нь 21.4% байгаа ба өнөөгийн улсын инфляцын түвшин 14% эс тооцвол 7% өгөөж хүртэхээр байгаа юм. МУ-ын системийн топ 5 банкны дундаж хүүгийн түвшин 9% байгаа ба корпорацын бондын дундаж хүүгийн түвшин 15% байгаа юм. Өсөлтийн хувь хэмжээ нь бондод хөрөнгө оруулалт хийснээс илүү өндөр өгөөж хүртэхээр байгаа учир авах санал зөвлөмж боловсруулсан. Уг санал зөвлөмж нь банк бус санхүүгийн салбарын өсөлт, салбарынхаа хамгийн том тоглогч компанийн үйл ажиллагаа, гадаад зах зээлийн тэлэлт, санхүүгийн үзүүлэлтүүд өндөр ашигт ажиллагаа болон компанийн ирээдүйн боломжит үнэ цэний өсөлтөд үндэслэсэн болно. |
en_US |