Хураангуй:
Санхүүгийн зах зээлийн нийт эдийн засагт үзүүлэх нөлөөний талаар судалгаа өргөн хийгддэг боловч санхүүгийн салбар бусад салбаруудад болон бусад салбарууд санхүүгийн салбарт хэрхэн нөлөөлдөг талаар нарийвчлан хийсэн судалгаа ховор байна. Энэхүү судалгааны ажлын хүрээнд санхүүгийн салбарын өсөлт эдийн засгийн бүтцийн өөрчлөлтөд үзүүлэх нөлөөг судалсан. Санхүүгийн салбарын өсөлтийн манай улсын эдийн засгийн тэргүүлэх ач холбогдолтой салбаруудад үзүүлэх нөлөө нь харилцан адилгүй гэж таамагласан бөгөөд тухайн салбаруудын эдийн засагт эзлэх хувь болон өсөлт нь санхүүгийн салбарын өсөлтийг дэмжиж байгаа эсэхийг шалгах зорилгоор уг судалгааны ажлыг гүйцэтгэсэн. Уг таамаглалыг шалгахын тулд манай орны 1990−2021 оны дотоодын нийт бүтээгдэхүүний салбар бүрийн бүрэлдэхүүн хэсгийн өгөгдлийг сонгон авч Eviews 12 программыг ашиглан вектор авторегрессив (VAR) загвараар үнэлгээ хийсэн. Мөн салбар хоорондын тэнцлийн аргазүйд тулгуурлан 2010-2019 оны салбар хоорондын тэнцлийн хүснэгтийг ашиглан санхүүгийн салбарын бусад салбарт нөлөөлөх нөлөөлөл болон бусад салбарын санхүүгийн салбарт нөлөөлөх нөлөөллийг судалсан. Судалгааны үр дүнгээс авч үзвэл санхүүгийн салбар нь бусад салбараас хамаарах хамаарал буюу буцах холбоо султай боловч урагшлах холбоо сайтай буюу санхүүгийн салбараас эх үүсвэрийн хувьд хараат салбарын хөгжилд томоохон орц болж өгдөг бөгөөд санхүүгийн салбарын хөгжил нь тэргүүлэх ач холбогдолтой салбаруудын хөгжилд богино хугацаанд эерэг нөлөө үзүүлдэг байна.