dc.description.abstract |
ТХХТ-ийн төслийн компани гэдэг нь төрийн гүйцэтгэх үүрэг бүхий нийтэд шаардлагатай байгаа үйл ажиллагааг хувийн хэвшилтэй хамтран гүйцэтгэдэг байгууллага юм. “Улаанбаатар хотын Хөгжлийн Корпораци” ХК нь энэ чиглэлээр үйл
ажиллагаагаа явуулдаг байгууллага бөгөөд энэхүү байгууллагын охин компаниар
санхүүгийн түрээсийн компани бий болгох замаар улсын төсвөөс татаас авч
ажилладаг нийслэлийн байгууллагуудын шаардлагатай байгаа тоног төхөөрөмж,
машин механизмыг шинээр худалдан авч олгох боломжийг судлах юм.
Судалгааны ажлын хүрээнд нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн
салбарыг авч үзсэн бөгөөд энэхүү салбар нь жил бүр орон нутгийн төсвийн 6.8%-8.4% хувийг татаас, нөхөн олговор байдлаар авч үйл ажиллагаагаа явуулдаг байна. Мөн нийтийн тээврийн орчны сөрөг нөлөөллийн хувьд нийслэлийн агаарын бохирдол, түгжрэл зэрэгт ихээхэн нөлөөтэйгээс гадна дараагийн жил гэхэд нийтийн тээврийн 69% нь насжилтын хувьд ашиглалтаас гарч байгаа гэсэн мэдээлэл “Нийслэлийн нийтийн тээврийн газар”-аас 2022 оны 1 дүгээр сард гарсан. Энэ нь нийслэлийн нийтийн тээврийн зорчигчдын эрүүл, аюулгүй орчинд нийтийн тээврээр зорчих нөхцөл боломжийг хаагдуулж байна. Тиймээс нийслэл Улаанбаатар хотод цахилгаан автобусыг ойрын жилүүдэд нэвтрүүлэх хэрэгцээ, шаардлага нэн тэргүүний шийдвэрлэх асуудал болсон тул энэхүү судалгааны ажлыг сонгон судалсан болно.
Судалгааны ажлын үр дүнд ТХХТ-ээр санхүүгийн түрээсийн үйлчилгээг нийтийн
тээврийн салбарын хувьд улсын төсвөөс бүрэн эхээр нь, улсын төсөв болон бондын санхүүжилтээр санхүүжүүлэх хоёр төрлийн санхүүжилтийн бүтцийг авч үзэхэд боломжтой гэсэн дүгнэлт гарсан. Төслийн анхны хөрөнгө оруулалтыг эхний дөрвөн
жилийн хугацаанд улсын төсвөөс бүрэн эхээр нь олгож, түрээсийн компани нь нийтийн тээврийн байгууллагуудаас эх үүсвэрийн 40%-ийг бүрдүүлж, хуримтлагдсан мөнгөн хөрөнгөөр дараагийн парк шинэчлэлтийг хийж тогтмол үйл ажиллагаагаа явуулах боломжтойг тооцоолсон. Харин төслийн анхны хөрөнгө оруулалтыг эхний 4 жилийн хугацаанд улсын төсвөөс 70%, бонд гаргах замаар 30%-иар бүрдүүлэх санхүүжилтийн бүтцийн хувьд бондын купоны хүү болон, эргэн төлөлтийг төлөх санхүүгийн боломж түрээсийн компанид үүсэж, нийтийн тээврийн газар нь лизингийн эргэн төлөлтийг төлөх боломж үүсэхээр гарсан. Энэхүү төсөл нь нийгэм, эдийн засгийн хувьд улсын төсвөөс нийтийн тээвэрт жил бүр олгодог татаасыг бууруулж, нийгмийн хувьд агаарын бохирдол, түгжрэл зэрэгт тодорхой хэмжээгээр нөлөөлөхөөс гадна иргэдийн аюулгүй нийтийн тээврээр зорчих боломжийг үүсгэх практик давуу талтай юм. |
en_US |