Хураангуй:
Энэхүү судалгааны ажлаар байгууллагын гүйцэтгэлийн удирдлага болон карьер хөгжил ажилчдын зан төлөвт (сэтгэл ханамж, ажлаас гарах сэдэлд) хэрхэн нөлөөлдөг тухай судалж мэдэхийг зорьсон юм. Энэ ажлын хүрээнд карьер хөгжил, гүйцэтгэлийн удирдлагын онолын судалгаа тэр тусмаа байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээн дэх албан бус бодлогын онолын судалгаа хийж, өмнө нь хийгдсэн эмпирик судалгаа шинжилгээний ажлуудыг судалсан.
Мөн хэвлэл мэдээллийн салбарын өнөөгийн байдал тэр дундаа олон нийтийн хэвлэл мэдээллийн салбарын судалгаа хийж , тухайн байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний систем, түүний хэрэгжүүлэлт, удирдлагын арга барил, хүний нөөцийн удирдлага, ажилчдын сэтгэл ханамж, ажлаас гарах сэдлийн тухай судалгаа хийсэн.
Үүний үр дүнд олон нийтийн хэвлэл мэдээллийн салбарын 200 ажилтан, албан хаагчдын дунд санал асуулга явуулж, хүчин зүйлийн шинжилгээ, уялдаа хамаарлын болон регресийн шинжилгээ тус тус хийсэн. Шинжилгээний үр дүнд гүйцэтгэлийн үнэлгээний албан бус бодлого ажилчдын сэтгэл ханамжинд сөрөг, ажлаас гарах сэдэлд эерэг хамааралтай. Харин карьер хөгжил ажилчдын сэтгэл ханамжинд эерэг, ажлаас гарах сэдэлд хамааралгүй гэсэн үр дүн гарсан байна. Тиймээс олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллага цаашдаа гүйцэтгэлийн үнэлгээний албан бус бодлогыг багасгаж ажилчдын сэтгэл ханамжыг нэмэгдүүлж, ажлаас гарах сэдлийг багасгах шаардлагатай байна. Мөн карьер хөгжлийн бодлого хэрэгжүүлж ажилчдын сэтгэл ханамжыг дээшлүүлж, карьер хөгжлийн бодлогын ач тусыг сайтар ойлгуулах хэрэгтэй байна.