Хураангуй:
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж шинэчлэгдсэн байна. Цар тахлын нөлөөгөөр олон улсын хил хаагдаж, аялал жуулчлалын салбар зогсонги байдалд орсон ч хүмүүсийн хувьд цахим холбоо ашиглан харилцаа холбоогоо хадгалсан. Дижитал шилжилтийн үр дүнд хэрэглэгчдийн интернэт хэрэглээ нэмэгдэж түүнийг дагасан хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага буюу хамрах хүрээ, хурд, чанар зэргийг өндөр түвшинд байлгах үүрэг харилцаа холбооны салбарын компаниудад ирж байна. Салбарын онцлогоос хамаарч харилцаа холбооны салбарын эрсдэл нь техник технологи болон хэрэглэгчдээс хамаарах хамаарал ихтэй байдаг. Тиймээс уг судалгааны ажлаар харилцаа холбооны компанийн эрсдэлийг бууруулах боломж арга зам буюу байгууллагын эрсдэлийн удирдлагын арга зүйг нэвтрүүлэх боломжийг тодорхойлохыг зорилоо. Байгууллагын өнөөгийн нөхцөл байдал болон арга зүйг нэвтрүүлэх боломжийг судлахдаа дунд түвшний менежерүүдтэй оюуны довтолгоо /brainstorming/ болон эрсдэлийн өөрийн үнэлгээний арга /risk self assessment/ ашигласан. Мөн хариуцсан алба нэгжийн хувьд байгууллагын эрсдэлийн удирдлагын процессоор үнэлгээ хийлгэж үр дүнг судалсан. Судалгааны үр дүнд байгууллагын эрсдэлийн удирдлагын аргыг санхүүгийн бус салбарын хувьд ашиглах боломжтой мөн алба нэгж дээр буулган ашиглах боломжтой бөгөөд үр дүн өндөртэй алба гэдгийг ажиглалаа.