Хураангуй:
Хүний хоолны хоногийн хэрэглээ нь сүү, сүүн бүтээгдэхүүний хувьд 25% байдаг. Энэ зах зээлд дотоодын үйлдвэрүүд болох АПУ ДЭЙРИ, Сүү ХХК, Мон Сүү, Монфреш, Витафит зэрэг томоохон компаниуд болон бусад жижиг үйлдвэрлэгч нар, хувь хүмүүс өрсөлдөж байна. Монгол Улсын хэмжээнд сүү, сүүн бүтээгдэхүүний 204 үйлдвэр, цех 77 хөргөлтийн төв үйл ажиллагаа явуулж, тэдгээрт нийт 1680 гаруй хүн ажиллаж байна. Сүүний боловсруулах салбарын суурилагдсан хүчин чадал жилд 470.5 мянган тн бөгөөд өнөөдрийн байдлаар 35 хувийг ашиглаж байна. 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр үйлдвэрийн аргаар 176.2 сая.литр сүү, сүүн бүтээгдэхүүнийг боловсруулсан бөгөөд өмнөх оны тоо хэмжээтэй харьцуулахад 7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Сүүлийн жилүүдэд хэрэглэгчид малын шим тэжээлт сүүнээс илүүтэй савласан үйлдвэрийн сүүг ихээр хэрэглэх болсон ба ихэнх үйлдвэрийн тараг, сүүнүүд тетрапак болон элопак савлагаатай худалдаанд гардаг.
Судалгааны ажлын үр дүнд өрсөлдөх давуу талаа хадгалах, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх шинэ инновацийг нэвтрүүлэх, борлуулалтыг нэмэгдүүлэх шаардлага байна. Ийнхүү судалгааны үр дүнд үндэслэн Монгол улсын сүүний салбарын оролцогсдын хувьд бүтээгдэхүүний сав баглаа боодлыг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг мөрдөх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх талаар цаашид авч хэрэгжүүлэх санал, зөвлөмжийг боловсруулсан.