Хураангуй:
Гэрээсээ ажиллах нь нягтлан бодогчдын хувьд боломжгүй мэт санагддаг байсан ч корона вирус дэлхий нийтийг хөл хорионд оруулж, тусгаарлахад хүргэснээр энэ нь зайлшгүй шаардлагатай болсон. Ингэснээр олон цагийг оффист өнгөрүүлдэг нягтлан бодогчдод ямар бэрхшээл, шинэ сорилтууд, ямар давуу тал боломж олгосныг тодорхойлох шаардлага тулгарсан юм. Энэхүү судалгааны ажлын хүрээнд Ковидын үед нягтлан бодогчдод тулгарсан бэрхшээл, шинэ сорилт, боломжийг тодорхойлж гарсан үр дүнг бизнесийн байгууллагуудын удирдлагууд, нягтлан бодогч мэргэжилтнүүд, сургалтын байгууллагуудад санал зөвлөмж боловсруулсан.
Дэлхий нийтийн чиг хандлагыг харвал виртуал ажлын байр, нягтлан бодох бүртгэлийн аутсорсинг үйлчилгээ зэрэг нь трэнд болж байна, харин Ковид-19 цар тахал гэх хурдасгуураар бид аль хэдийн энэхүү шинэ ойлголтод дасан зохицож, өөрсдийн хэв маягийг олж авч чадсан.
Ковидын нягтлан бодогчдын ажил мэргэжилд үзүүлж буй нөлөө, тулгарч буй бэрхшээл, үүсч буй боломжийг тодорхойлхоор “Монголын бүх нягтлан бодогчдын нэгдсэн групп”-ийн 154 гишүүдээс анкет асуулгын аргааг Google form ашиглан онлайнаар судалгаа авсан ба үр дүн нь зайнаас ажиллах нь нягтлан бодогчдын хувьд боломжтой бөгөөд гагцхүү учирч буй бэрхшээлүүдийг арилгах, зайнаас ажиллахад шаардагдаж буй ур чадваруудыг сайжруулах шаардлагатай болохыг харуулсан.