Хураангуй:
Жил бүр оюутнууд төгсөлтийн ажил бичих төслийг хэрэгжүүлэх үедээ өмнөх төгсөгчдийн алдаануудыг давтаж, тэдгээрийг засаж залруулахад ихээхэн хугацаа, хүчин чармайлт гаргадаг. Оюутнууд төгсөлтийн ажилтай холбоотой зөвлөмжийг удирдагч багшаас авдаг боловч тэдэнд нийтлэг тулгардаг асуултуудын (FAQ) болон олонтаа гардаг алдаануудын хариултыг хүссэн үедээ олж авах хэрэгцээ өндөр байдаг.
Энэхүү дипломын ажлаар “Төгсөлтийн ажлын мэдлэгийн менежментийн систем”-ийн шинжилгээ ба зохиомжийг боловсруулсан. Системийн шинжилгээний хүрээнд гадаад эх сурвалжуудаас болон системийн дотоод хэрэглэгчдээс системийн шаардлагуудыг илрүүлж, тэдгээрт түшиглэн системийн зохиомжийн
тодорхойлолтыг санал болгосон.
Бидний таамаглаж буйгаар ийм төрлийн систем манай улсын их дээд сургуулиудад
хараахан хөгжүүлэлт хийгдэн нэвтрээгүй байгаа тул системийн шаардлагуудыг гадаад ба
дотоод анхдагч ба хоёрдогч эх сурвалжуудаас судалж, тодорхойлох шаардлагатай байв. Тиймээс системийн онцлог шаардлагуудыг ялангуяа функционал шаардлагуудыг
дараах эх сурвалжуудаас илрүүлж, гаргаж ирэх зорилт тавьсан. Үүнд:
1. Байгууллагын мэдлэгийн менежментийн онолын судалгаа
2. СЭЗИС-ийн МСМ-ийн тэнхимийн багш нар болон сүүлийн хоёр жилд төгссөн
төгсөгчдийг хамруулсан ярилцлагын судалгаа
3. Сүүлийн хоёр жилийн дипломын үзлэгүүдийн дүнгийн хуудас, шүүмж, тэмдэглэл
Дээрх эх сурвалжуудад тулгуурлан системийн функционал шаардлагуудыг тодорхойлж,
загварчилсны дараа СЭЗИС-ийн МТ-ийн одоогийн дэд бүтэц, стандартуудад нийцүүлэн
функционал бус шаардлагуудыг тодорхойлсон. Системийн шаардлагууд дээр тулгуурлан
тус системийн архитектур, өгөгдлийн сангийн болон интерфейсийн зохиомжийг
боловсруулсан.