Хураангуй:
Уг судалгаа онолын болон судалгааны хоёр бүлэгтэй. Онолын бүлэгт худалдах, худалдан авах гэрээний тухай ойлголтууд, үл хөдлөх хөрөнгийн худалдах, худалдан авах гэрээний хуулийн тусгай шаардлагууд, бусад гэрээнээс ялгагдах онцлог зэргийг Монгол улсын Иргэний хуульд заасан зохицуулалтууд, эрх зүйн эрдэмтэн судлаач нарын тайлбарласан онол арга зүйг эш татах, харьцуулан дүгнэх замаар тайлбарласан. Түүхэн уламжлалын тухайд манай улсын 1926, 1952, 1963, 1994 оны Иргэний хуулиудад зохицуулагдаж ирсэн түүх, эрх зүйн хөгжлийн тухай хөндсөн бол гадаадын улс орнуудаас ХБНГУ-ын Иргэний хуулийг сонгон манай улсын Иргэний хуультай төстэй болон ялгаатай зохицуулалтуудыг судаллаа.
Судалгааны бүлэгт үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой сүүлийн жилд шүүхэд хамгийн түгээмэл тохиолдож байгаа, дурьдвал шинэ орон сууцны талбайн зөрүүтэй холбоотой, гуравдагч этгээдийн шаардах эрхтэй үл хөдлөх хөрөнгө худалдан авсан, итгэмжлэлгүй этгээдтэй гэрээний талууд болсон, бэлэглэлийн гэрээнээс татгалзах, талуудын үүрэг биелүүлэх хугацаа хоцроосноос үүссэн, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсан зэрэг маргаануудыг түүвэрлэж, шат шатны шүүх ямар эрх зүйн дүгнэлт өгч шийдвэрлэсэн, эдгээр гэрээний үүргийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд авах шаардлагатай эрх зүйн арга хэмжээний тухай агуулна.