dc.description.abstract |
Хөгжиж буй орны эдийн засгийн хөгжилд барилгын салбар чухал үүрэг гүйцэтгэдэг.(Wu & Zhang, 2005) Монгол улсын хувьд барилга салбар ДНБ-ий дөнгөж 4 орчим хувийг эзэлж байгаа нь үйлчилгээ, уул уурхай, ХАА зэрэг салбаруудтай харьцуулахад маш бага тоо юм. Иймд энэхүү судалгааны ажлаар Монгол улсын барилгын уялдаа холбоо, эдийн засгийн нөлөөг судлахыг зорилоо. Уг судалгаанд Үндэсний статистикийн хорооны салбар хоорондын тэнцлийн 2010-2019 оны анхдагч өгөгдөлд тулгуурлан барилгын салбарын татах болон түлхэх нөлөө, үйлдвэрлэлийн үржүүлэгч, орлогын үржүүлэгч, ажил эрхлэлтийн үржүүлэгч, импортын орцын нөлөөг тус тус тооцов. Үр дүнд барилгын салбарын түлхэх нөлөө, орлогын үржүүлэгч сүүлийн жилүүдэд нэмэгдсэн бол татах нөлөө, үйлдвэрлэлийн үржүүлэгч хүчтэй өөрчлөгдөөгүй байна. Ажил эрхлэлтийн үржүүлэгчийн утга буурсан боловч эрэмбэ дээшилсэн байв. Барилгын салбарын татах нөлөө хүчтэй байсан бол түлхэх нөлөө сул байв. Татах болон түлхэх нөлөөний шинжилгээгээр уул уурхай олборлолт, үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаа, хөдөө аж ахуйн салбарууд барилгын салбартай хамаарал өндөр байна. Үйлдвэрлэлийн үржүүлэгчийн шинжилгээгээр боловсруулах үйлдвэрлэлийн салбар барилгын салбараас ихээхэн хамааралтай байна. Барилгын импортын орцын үнийн нөлөө бусад салбарын үнэд нөлөө багатай байна. Тодруулбал барилгын салбарын үйлдвэрлэлийн ихэнх хувь нь бусад салбарт орц болох бус хөрөнгийн хуримтлал руу шингэж байна |
en_US |