Хураангуй:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа нь иргэд болон аж ахуйн нэгж байгууллагуудын хуулиар олгогдсон эрхийг хамгаалж, зөрчигдсөн эрх ашиг, сонирхлыг хангах, түүнчлэн хэргийг түргэн шуурхай, үнэн бодитой шийдвэрлэхэд маш чухал ач холбогдолтой бөгөөд тус харилцаанд оролцогчдын салшгүй нэгээхэн хэсэг билээ. Манай улсын хувьд дээрх сэдвийг Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулсан байдаг. Энэхүү судалгааны ажлын хүрээнд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа, түүний зохицуулалттай холбоотой онол, практикийг судлан, тулгамдаж буй асуудалд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Ингэснээр дээрх сэдвийг илүү бие даасан, нарийн боловсруулан сайжруулахад хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Судалгааны явцад практик дээр тус ажиллагааны хугацаа хэтрэх, улмаар шүүх хуралдаан удаа дараа хойшлох, хэргийг шийдвэрлэхэд цаг алдах зэрэг асуудлууд байсан бөгөөд тэдгээрийг шийдвэрлэхэд хэрэг болохуйц дүгнэлтийг боловсруулан, санал дэвшүүлж ажилласан болно.